Нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй гэх дүгнэлт гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-04 11:31:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолон гаргажээ.


Ингэхдээ баг бүрийн бэлчээрийн ургац, талбайн хэмжээ, ашиглах хугацаа, малын тоо зэрэгт үндэслэжээ. Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, 46 хувьд гантай болон гандуу байжээ. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 39.8 хувь нь нөөцтэй, 19 хувь нь хүрэлцээтэй, 24.6 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 6.3 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 10 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэх дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрсэн аж.


Аймгаар нь авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумын даац олон дахин хэтэрсэн байна. Тиймээс зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутаг өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий газраас бэлтгэх шаардлага гарчээ.


Түүнчлэн нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.

Холбоотой мэдээ