Монголын хуульчдын холбооныхон Увсад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-11 12:42:48

Монголын Хуульчдын Холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг томилох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилгоор Монголын Хуульчдын Холбооны ажлын хэсэг Увс аймагт 2 өдөр ажиллалаа.

Энэ үеэр Хууль зүйн ухааны доктор, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Өнөрмаа, Хууль зүйн ухааны доктор, Удирдлагын академийн багш Д.Алтанзул нар захиргааны ерөнхий хууль, авлига албан тушаалын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг зэрэг сэдвээр сургалт явуулсан байна. Энэхүү сургалтанд Увс аймагт ажиллаж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгчид өргөнөөр хамрагджээ.

Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг сургалт нь 21 аймагт явагдаж буй аж. Энэ үеэр Хуульчдын холбооны энгэрийн тэмдэг болон тус холбооноос эмхтгэн гаргасан шинэ хуулиудын ном, гарын авлагыг Увсын хуульчдад үнэ төлбөргүй олгожээ. Хуульчдын холбооны Увс аймаг дахь салбарын зохицуулагчаар Увс аймгийн төвийн бүсийн нотариатч Н.Төгсөө сонгогдсон байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ