Оюутнууд Америкийн төрийн далбааг шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-10 10:32:36

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын нийслэл Вашингтон хотын Америкийн их сургуулийн хэсэг оюутнууд өчигдөр Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп сонгуульд ялсныг эсэргүүцэн жагссан байна.

Оюутнууд АНУ-ын төрийн далбааг шатаан "Hey-hey! Ho-ho! Цагаан арьстнуудын давамгайлал байх ёсгүй!" гэж хашгирч байгаа нь “NBC” телевизийн камерт бичигдэн үлджээ.

Өчигдөр өглөө Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг дэмжих зорилготой “Миний Ерөнхийлөгч биш”, “Хилларитай одоо ч хамт” гэсэн хэштаг бүхий пост твиттер хуудсаар түгсэн байна.

Үүний зэрэгцээ лхагва гарагийн өглөө Калифорни, Орегон, Вашингтон муж улс болон Нью-Йорк хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал болжээ. Мөн хэсэг хүмүүс Цагаан ордны гадаа жагсаал зохион байгуулжээ.

Өчигдөр болсон сонгуулиар Трамп төлөөлөн сонгогчдын 289 санал буюу ялалт байгуулахад шаардлагатай саналаас 19-өөр илүү санал авсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ