Өмнөд Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-09 11:31:44

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотнын найз Чой Сүн Силтэй холбоотой хэрэгт холбогдуулан дахин нэг хүнийг прокурорууд саатуулжээ.

Хөгжим, дүрс бичлэгийн найруулагч Ча Юн Тэк хэмээх залууг мягмар гарагт Хятадаас ирэх үед нь нисэх онгоцны буудлаас баривчлан саатуулсан байна.

Ча Юн Тэк нь засгийн газрын хэрэгт хөндлөнгөөс оролцож байсан гэж сэжиглэгдэн баривчлагдсан Чой овогтын ойрын хүн аж.

Найруулагч залууг компанийнхаа мөнгөнөөс завшсан, өөр нэгэн компанийн хувьцааг хууль бусаар эзэмшихийг оролдсон зэрэг хэрэгт холбогдуулан буруутгаж байна. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “би прокуроруудад үнэнийг хэлнэ” гэжээ.

Пак Гын Хэ ерөнхийлөгч болсноос хойш Ча Юн Тэк засгийн газраас санхүүжүүлсэн олон  тооны соёлын төслийг хариуцан ажиллаж байв.

Энэ залуу мөн төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон эсэхийг прокурорууд шалгах аж.

11 дүгээр сарын 19-нд Перу улсад эхлэх Ази-Номхон далайн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ чуулга уулзалтад Ерөнхийлөгч Пак оролцохгүй гэж Өмнөд Солонгосын ГХЯ мягмар гарагт мэдэгдсэн юм. Уг шийдвэрийг Ерөнхийлөгч есдүгээр сард гаргасан гэж тус яам мэдэгдсэн боловч дээрх дуулиан шуугиантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байж магадгүй юм.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ