Үндэсний мод тарих хөдөлгөөнийг мод ургуулах хөдөлгөөн болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-12 10:53:28

"Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулж хэрэгжүүлсэн ажлын талаар БОНХАЖЯ-наас тайлан гаргажээ. Уг тайланд мод тарих Ерөнхийлөгчийн санаачилгыг энэ жилээс мод тарих хөдөлгөөн болгон өөрчилж байгааг зарласан байна.

Зарлигийн хэрэгжилтийн үр дүнгээр 6 жилийн хугацаанд 11 удаагийн тарилтаар 1.090.0 мянга гаруй иргэд, 56.400 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 8,0 сая гаруй тарьц суулгасны 70,0 орчим хувь нь буюу 5,6 сая ширхэг мод ургаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Дөрвөн зүг, найман зовхис” төслөөр байгуулсан 16 км ойн зурваст 20 гаруй мянган ширхэг мод, сөөг ургаж байгаа аж.

2013 оноос иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, тарьж ургуулсан ойгоо өмчлөх, төрд худалдах журам тогтоосноор ойжуулалтын ажлыг санхүүжүүлэх шинэ эх үүсвэрийг бий болгож, үр дүнгээ өгч эхэлсэн ба өнөөдрийн байдлаар Увс аймгийн 20 иргэн 39,5 га, Дархан- Уул аймагт ТББ 10 га, аж ахуйн нэгжүүд 7 га ойгоо өмчлөх эрхтэй болжээ. Ойжуулалтын ажлын норм үнэлгээг 2-3 дахин нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн орлого 1,5-2,0 дахин нэмэгдэж, ойжуулах ажил эрхлэх эдийн засгийн сонирхол тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.

Мөн хамгийн олон тарьц ургуулсан 5 иргэн, 3 нөхөрлөл, 2 аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулж, 800.000 – 1.500.000 төгрөгөөр урамшуулж байх журмыг Сангийн яамтай хамтран батласан. Энэ онд Үндэсний мод тарих өдрийн үйл ажиллагааг өргөтгөж, “Мод суулгах-арчлах–нөхөн- тарих –өвөлжилтөд бэлтгэх“ үйл ажиллагааг иж бүрэн хамарсан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон өрнүүлээд байгаа. БОНХАЖЯ-аас мод тарих ажлын хүрээнд “Ой судлал” сэдэвт олимпиадыг мэргэжлийн их, дээд сургуулиудын дунд зарлаж дүгнэсэн нь ирээдүйн ойчдыг урамшуулсан чухал ажил болжээ хэмээн дүгнэсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ