Гамшгийн эрсдлийг бууруулахад  түншлэх алхам хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-07 10:56:46

БНЭУ-ын Дели хотноо энэ сарын 02-05-ны өдөр болсон “Азийн сайд нарын анхдугаар хуралдаан”-д Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал  тэргүүтэй төлөөлөгч оролцлоо.

Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тивийн хувьд газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл өндөртэй бүс нутаг. Байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэл гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах асуудлыг зөвхөн нэг улс, Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй тул Энэтхэг Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран анх удаа энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн хуралдааны үеэр Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн салбарын оролцоо” сэдэвт хуралдаанд оролцож гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцооны талаарх Монгол Улсын туршлагаас хуваалцлаа. Хуралдааны хоёр дах өдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Б.Бадрал, дэд дарга Ц.Ганзориг нар салбар хуралдааныг удирдсан бол Шадар сайдын зөвлөх Л.Саянаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот “Гамшигт тэсвэртэй хот болох зорилтот хөтөлбөр”-т нэгдэн орсон талаар салбар хуралдаанд илтгэл тавьсан юм. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Б.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын нэгтгэх, хэрэгжүүлэх улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавьж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг удирдан явуулсан юм. Мөн тэрээр Вьетнам Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд ноён Хунг Ван Тан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр тал гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа харилцан мэдэгдэж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, мэргэжилтнүүдийн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Мөн БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны дарга ноён Ил Соп Кантай уулзаж, талууд Гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн батлах, хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Түүнчлэн Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр Техникийн зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү Азийн 39 орны Засгийн газрын тэргүүн, гамшгийн асуудал эрхэлсэн сайд нар чуулж 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 орон соёрхон гаргасан “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн” Азийн бүс нутгийн төлөвлөгөөг батлан гаргалаа.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргасан нь Азийн бүс нутагт ирэх 15 жилд гамшгийн эрсдэлийг бууруулах гол баримт бичиг болсон байна. Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Азийн сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тийм ч учраас энэ удаагийн Азийн сайд нарын анхдугаар хуралдаан манай улсын хувьд туршлага хуримтлуулан судлахын зэрэгцээ Монгол Улс бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт улс орныг манлайлан оролцох, найдвартай түнш болж чадах эхний алхмыг тавилаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ