Х.Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-07 08:35:31

ВАШИНГТОН. /Xinhua/. Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ хувийн и-мэйл хаягаа албаны хэрэгцээнд ашиглаж байсан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор бид дахин мөрдөн шалгалт хийж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзлээ  гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирал мэдэгдлээ.

Х.Клинтоны цахим шуудангийн хэргээр ХМТ-ны дахин явуулсан мөрдөн шалгалтын дүнг Жеймс Коми өнгөрсөн амралтын өдөр буюу ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёрхон хоногийн өмнө Конгресст танилцуулжээ.

Ж.Коми хэлэхдээ “ХМТ 24 цагийн турш ажиллан олон тооны и-мэйлийг хянан шалгасан.  Бид ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж өнгөрсөн долдугаар сард гаргасан дүгнэлтээ хэвээр үлдээлээ” гэв.

ХМТ цахим шуудангийн хэргийг дахин мөрдөн шалгах болсноор ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп дэмжигчдийн тоогоор Х.Клинтонд нэлээд дөхөж ирсэн байна.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнг үзвэл, ням гарагийн байдлаар Х.Клинтон 46.6 хувийн дэмжлэг авч байсан бол Д.Трампыг сонгогчдын 44.8 хувь нь дэмжиж байлаа. Өөрөөр хэлбэл, хоёр нэр дэвшигчийн рейтингийн зөрүү ердөө 1.8 хувьтай байна.

Г.Доржханд 

 

 

Холбоотой мэдээ