Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалттай танилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-06-07 10:09:56

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ /. Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалттай  нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Уг цэцэрлэгийн дотор заслын ажил 90 хувь, гадна тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байгааг албаныхан энэ үеэр онцоллоо.  


"Ти Энд Жи" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Аззаяа “Манай компани орчин үеийн чанартай, эрүүл ахуйн шинэлэг технологиор хийсэн хүүхдэд ээлтэй материал хэрэглэж цэцэрлэгээ барьж байна. Европоос өндөр чанарын бүтээгдэхүүн оруулж ирдэг давуу талаа ашиглан олон улсын стандартад нийцсэн жишиг бүтээн байгуулалт хийж байгаа. Мөн бид нян бактери үрждэггүй, галд тэсвэртэй, олон жилийн тэсвэртэй металл хаалгаар бүх анги танхимаа тохижуулсан. Таазанд мөн адил галд тэсвэртэй, хорт утаа ялгаруулдаггүй будаг ашигласан” гэлээ.


Тус цэцэрлэгийн барилга нь Европын Хөрөнгө Оруулалтын банкны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл юм. Мөн гадна талбайн тохижилт, тухайн цэцэрлэг орчмын авто зам зэргийг цогцоор шийдэж хийж буй онцлогтой.

            

Холбоотой мэдээ