БУЛГАН: "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд ойн нөхөрлөлүүдийн уялдаа холбоог идэвхжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, Зэвсэгт хүчний 123 дугаар анги хамтран ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний тогтвортой оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.
Нөхөрлөлүүдийн чадавхыг бэхжүүлж, ойн ач холбогдол, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх мэдлэг олгож, объектын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан тохиолдолд авах арга хэмжээ, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулж, нөхөрлөлүүдийг мэдлэг, мэдээллээр ханган чадавхжуулж байна.
"Ойн арчилгаа, нөхөн сэргээлт, ойн хөнөөлт хүчинтэй тэмцэх, ойн дагалдах баялгийг зөв зохистой ашиглах боломж", "Ойн нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүй" сэдвүүдээр Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн ойн инженер Ж.Ариунхишиг, "Мод тарихын ач холбогдол ба практик аргачлал” сэдвээр 123 дугаар ангийн агрономич, дэслэгч А.Мандхай, "Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга" сэдвээр 123 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ч.Хонгорзул, Ойн нөхөрлөлтэй холбоотой хууль зүйн мэдээллийг Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газрын Хууль зүйн мэргэжилтэн П.Батчулуун, “Тусгай хамгаалалттай газар нутгийн холбогдох хууль, тогтоомжийн тухай“ сэдвээр “Зэд, Хантай, Бүтээлийн нуруу” дархан газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Оюунсүрэн нар сургалт хийлээ.
Мөн Зэвсэгт хүчний 123-р анги, Онцгой байдлын 50 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцжээ.