Чой Сүн Силийг албан ёсоор баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-04 09:49:00

СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн нэр холбогдсон улс төрийн дуулиан шуугианы эзэн болоод байгаа бизнес эрхлэгч эмэгтэйг прокурорууд албан ёсоор баривчилжээ.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Пак өнөөдөр мэдэгдэл хийх аж.

Эрх мэдлээ урвуулан ашигласан, залилан хийхийг оролдсон гэх зэрэг үндэслэлээр Чой Сүн Силийг өчигдөр орой прокурорууд баривчилжээ. Чой овогт эмэгтэй нь Пактай 40 гаруй жилийн өмнөөс найзалж эхэлсэн байна.

Чой Сүн Сил нь Ерөнхийлөгчийн тамгын газрын шууд бус оролцоотойгоор байгуулагдсан хоёр санд мөнгө хандивлуулахын тулд ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Ан Жон Бомтой хуйвалдан компаниудыг дарамталдаг байжээ. Мөн дээрх хоёр ашгийн бус байгууллагаас 600 мянга орчим доллар  завшсан байж магадгүй хэмээн Чой-г сэжиглэж  байгаа юм.

Сөүл хотын шүүх Чой-г баривчлах зөвшөөрлийг пүрэв гарагийн үдээс хойш прокуроруудад өгчээ.

Прокурорууд Ан Жон Бомыг өнөөдөр албан ёсоор баривчлах бололтой. Ан-ыг өчигдөр саатуулсан юм.

Өмнөд Солонгосын Үндсэн хуульд “Ерөнхийлөгч үймээн дэгдээгээгүй бол, эсвэл эх орноосоо урваагүй бол эрүүгийн хэрэгт татаж болохгүй, халдашгүй дархан эрхтэй байна” гэж заасан байдаг аж. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г байцаан шүүхийг олон нийт шаардсаар байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ