Татварын нийт орлого 8 их наяд төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-05-17 12:16:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Татварын нийт орлого эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр буурчээ.


Албан татварын орлого 926.7 тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 939.9 тэрбум төгрөгөөр татварын орлого буурахад нөлөөлсөн байна.


Татварын нийт орлогын 33.1 хувийг орлогын албан татвар, 23.1 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), 20.7 хувийг нийгмийн даатгалын орлого, 7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.8 хувийг онцгой албан татварын орлого, 11.3 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлжээ.


Орлогын албан татварын 67.8 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), 32.2 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ)-ын орлого бүрдүүлсэн байна. Нийгмийн даатгалын орлого 362.9 тэрбум төгрөг, НӨАТ 70 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 46.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 8.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 759.5 тэрбум төгрөгөөр их байна.


Бараа, үйлчилгээний зардал 2024 оны мөн үеийнхээс 549 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 665.9 тэрбум төгрөгөөр зарлага өсөхөд нөлөөлсөн аж.


Энэ оны эхний 4 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 46.2 хувь, бараа үйлчилгээний зардал 36.2 хувь, хөрөнгийн зардал 8.3 хувь, хүүгийн зардал 5.7 хувь, татаас 3.6 хувийг эзэлж байна


Орон нутгийн төсөв

Орон нутгийн төсвийн орлого 2.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 106.9 тэрбум төгрөг, нийт зарлага 1.8 их наяд төгрөгт хүрч, 665.1 тэрбум төгрөгөөр тус бүр нэмэгджээ. Орон нутгийн төсөв 431.1тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.


Нийгмийн даатгалын сан

Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 285.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Мөн нийт зарлага 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 368.1 тэрбум төгрөгөөр өссөн аж.


Эрүүл мэндийн даатгалын сан

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 822.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 240.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн нийт зарлага 899.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 205.4 тэрбум төгрөгөөр их байна. Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал 2024 оны мөн үеийнхээс 207.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ