Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-15 14:38:44

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг маргааш орон 23:00 цагаас энэ сарын 19-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчлэх ажил хийнэ.


Тиймээс амралтын өдрүүдэд төв замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлд бага зэрэг өөрчлөлт орох аж.


Нийслэлийн хэмжээнд энэ онд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд зам засварын ажил өнгөрсөн сард эхэлсэн билээ. 41 байршлын 10-ыг нь энэ жилдээ багтаан хийх бол үлдсэнийг он дамнуулах аж. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байгаа юм.


Өнгөрсөн долоо хоногт “Гранд плаза”-гийн уулзвараас 25-р эмийн сан хүртэлх замыг хааж, шинэчилсэн билээ. Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчлэхийг албаныхан мэдээлэв.


Холбоотой мэдээ