ХӨВСГӨЛ: Аймгийн хэмжээнд 232 иргэнд санхүүгийн дэмжлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-15 14:38:18

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 15 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд олгож буй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн дунд “Өрхөөр үйлдвэрлэе” бизнес, ур чадварын сургалт зохион байгуулж байна.


Сургалтад Мөрөн сумын иргэд танхимаар, бусад сумын иргэд цахимаар хамрагдаж байна.


Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн энэ оны үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар, олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж, 822 иргэнээс ирүүлсэн төслөөс 232 иргэний төслийг шалгаруулан санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.


Тус сургалт нь төсөлд хамрагдсан иргэдийн бизнесийн суурь мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төсөл амжилттай хэрэгжих үндэс суурийг тавих зорилготой юм.


Сургалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, Засаг дарга Л.Төмөрбаатар нар оролцож, төсөлд хамрагдсан иргэдэд амжилт хүслээ.


Засаг дарга Л.Төмөрбаатар “Төсөл сонгон шалгаруулалтын үйл явцыг бид хууль, журмын хүрээнд нээлттэй, ил тод зохион байгууллаа. Шалгарсан төслийн санаачлагчид, хэрэгжүүлэгч та бүхэнд амжилт хүсье. Төсөл бүрд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодит боломж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Цаашид бид төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно” гэдгийг хэллээ.

 



Холбоотой мэдээ