Цогцолбор 1-р сургууль эхний улирлыг халаалтгүй өнгөрөөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-03 12:06:16

Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн хичээлийн 1-р байранд сантехникийн засвар хийгдэж байна.

Сангийн засварын ажлыг өнгөрсөн сарын эхээр Улаанбаатар хотын “Дүрт-Уул” компани гүйцэтгэж эхэлжээ. Дулаан халаалтгүйгээс багш, сурагчид даарч хөрөх, сургалт хүмүүжлийн ажил явуулахад тав тухгүй, хэд хоног хэцүүхэн байсан аж. Ямартай ч хичээлийн амралт эхлэж байгаа тул энэ хугацаанд амжиж засвараа дуусгахаар гүйцэтгэгч компани ажлаа шахаж байна.

Халаалтын улирал эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсний дараагаар тус сургуулийн сангийн засвар хийгдэж байгаа нь олон хүний гайхшийг төрүүлжээ. Энэ талаар сургуулийн удирдлага хэлэхдээ “Сантехникийн засварын ажлын сонгон шалгаруулахдаа яаман дээр хугацаа алдсан” гэж байлаа.
Цогцолбор 1-р сургууль өмнө нь жижиг оврын уурын зуухнаас дулаан халаалтаа авдаг байжээ. Өнгөрсөн жилээс Улаангомд шинээр баригдсан Дулааны 2-р станцаас халаалт авах болсон байна. Гэтэл олон жил болсон хуучин барилгынх нь шугам сүлжээ, паар задарч халаалт авах нөхцөлгүй болсон байна. Иймээс сантехникийн засвар хийхээр болсон ч сонгон шалгаруулалт оройтож зарлагдсан, санхүүжилт буцаан татагдсан зэргээр хугацаа ихээхэн алдаж, эцэст нь алдсан мөнгөө хагас хугасыг нь эргүүлэн авч ажлаа эхлүүлсэн байна.

Тус сургуулийн дунд болон ахлах ангийн багш, сурагчид хоёр сар гаруйн хугацаанд хүйтэн нөхцөлд хичээллээд амралтаа авлаа.

 Б.Батхүү

Холбоотой мэдээ