Эрдэнэбулган сумын Засаг даргад Ж.Гурвантамирын нэрийг дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-03 11:16:17

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болох тов зарлагдсан 11 дүгээр сарын хоёрны өдрийн хоёр цагт Нутгийн захиргааны ордны баруун талын цэцэрлэгт гал гарч, хуурайшсан өвс хэдэн хоромын дотор дүрэлзлээ. Хэн нэг нь тамхиныхаа асаалттай ишийг машины зогсоолоос шидсэн бололтой. ОБГ-ынхан галыг унтраав.

Яг энэ үеэр аймгийн МАН-ын хорооны байранд сумын МАН-ын хорооныхан хуралдаж, намынхаа бүлэгт Эрдэнэбулган сумын ИТХ-ын даргаар Батмөнхийн Энхсайханыг, тэргүүлэгчдээр Б.Отгонбаатар, Д.Нарантуяа, Ч.Оюунчимэг, А.Арсланбаатар, Б.Энхболд, Ш.Энхжаргал нарыг сонгон баталж, Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагчид аймгийн ИТХ-ын тэргүүлэгч П.Энхтайваны нэрийг дэвшүүлэхийг үүрэг болгосныг баттай эх сурвалжаас мэдээллээ. Гэвч төлөөлөгчдийн дийлэнх нь МАН-ын “жанжин” шугамаар явсангүй.

Цэцэрлэг хотын 5815 өрхийн 21102 хүний хувь заяаг төлөөлсөн төлөөлөгчид маань намын бодлогоо умартаж, иргэдийнхээ хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэж олон жил бугшсан цөөн хүний “хайрцагласан” бодлогыг зоригтой задлав. Энэ хуралдаанаас ийм оч бутарсан шийдвэр гарна гэж хэн ч таамагласангүй.

Хуралдаан удаан хугацаанд асуудлыг тал бүрээс нухацтай хэлэлцэж, үгээ чөлөөтэй илэрхийлсний эцэст нууц санал хураахад, Эрдэнэбулган сумын ИТХ-ын даргаар Ш.Энхжаргал, тэргүүлэгчдээр А.Арсланбаатар, Б.Энхболд, Т.Ганзориг, Э.Баттулга, Б.Бямбахишиг, С.Нямдорж нар илүү санал авч сонгогдлоо. Даргад 2, тэргүүлэгчид 16 төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн юм.

Эрдэнэбулган сумын Засаг даргад П.Энхтайваны нэрийг МАН-ын бүлгээс, Ж.Гурвантамирын нэрийг сумын ИТХ-ын төлөөлөгч П.Энхтайван дэвшүүлж санал хураахад, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Жамцын Гурвантамир 21 төлөөлөгчийн буюу 73,74 хувийн саналаар ялав. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны тогтоолоор Эрдэнэбулган сумын Засаг даргаар томилуулахаар түүний нэрийг аймгийн Засаг даргад өргөн барив.

Л.Булган

 

Холбоотой мэдээ