Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-03 10:07:55

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хуульчдын холбоотой хамтран “Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлгийг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Н.Учрал нээж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийг НҮБ-ын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан боловч өнөөг хүртэл Монгол Улсын Арбитрын шийдвэрийг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Арбитрын тухай хуулийг шинэчлэн баталж, өөрийн оронд нутагшуулах шаардлага үүсээд байгааг нотолж байна гэсэн юм.

Мөн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрийн орны онцлог, НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны Арбитрын тухай загвар хуульд нийцүүлэн, шинэчлэн баталснаар Монгол Улс дахь Арбитрын үйл ажиллагаа, олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж өгнө. Түүнчлэн өндөр түвшний Арбитрчдыг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг заавал гадаадын Арбитрын байгууллагад бус дотоодын Арбитраар шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх, Арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэж УИХ гишүүн Н.Учрал хэлж байв.

Хэлэлцүүлэгт “Монгол Улс дахь Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр "MDS Khanlex" хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульч Д.Дүгэржав, Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын ?рөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва нар илтгэл тавьсан юм.

Нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж хэлэлцэх юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ