Улсын начин Э.Батмагнай дэд, заан Б.Бат-Өлзий гуравдугаар байр руу дэвшлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос долоо хоног бүрийн амралтын өдөр зохион байгуулдаг улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд оролцсон барилдааны дараа чансааг шинэчлэн гаргаж байгаа билээ.
Тэгвэл хамгийн сүүлд болсон барилдааны дараа гаргасан чансаагаар улсын аварга О.Хангай тэргүүн байраа хадгалж үлдэв. Тэрбээр өмнө нь уг чансааг манлайлж байгаад тэргүүллээ улсын заан М.Лхагвагэрэлд алдсан. Гэвч дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш дахин тэргүүлж эхэлсэн бөгөөд гурав дахь долоо хоногтоо тэргүүн байраа хадгаллаа. Харин хоёр барилдаанд дараалан үзүүрлэсэн улсын начин Э.Батмагнай дэд байр руу дэвшсэн бол заан Б.Бат-Өлзий гуравдугаарт жагсаж эхэллээ.
Тэгвэл сүүлийн гурван долоо хоногт болсон барилдааныг өнжсөн улсын заан М.Лхагвагэрэл дөрөвдүгээр байр руу ухарч, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр тавдугаар байраа хадгалж үлдэв. Түүнчлэн олны анхаарлыг татаж буй бөхчүүдээс дархан аварга Н.Батсуурь 33-т, сүүлийн барилдаанд зодоглохдоо хоёр удаа их шөвөгт шалгарсан улсын арслан Э.Оюунболд 141-т жагсаж байна. Үүнээс гадна сүүлийн нэг сар гаруйн хугацаанд бөхийн өргөөнд зодоглоогүй улсын заан С.Сүхбат, начин С.Амарсайхан нар шилдэг 10-ын жагсаалтаас хасагджээ.
Эхний 10-т жагссан бөхийн чансааг танилцуулъя.
1. Улсын аварга О.Хангай 8600 оноо
2. Улсын начин Э.Батмагнай 8500 оноо
3. Улсын заан Б.Бат-Өлзий 8450 оноо
4. Улсын заан М.Лхагвагэрэл 7950 оноо
5. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 7300 оноо
6. Улсын начин Ч.Батчулуун 7200 оноо
7. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож 6900 оноо
8. Улсын арслан Б.Орхонбаяр 6700 оноо
9. Улсын арслан Ц.Бямба-Отгон 6650 оноо
10. Улсын заан Д.Хүдэрбулга 6050 оноо