Санхүүгээс хамааран үг хэлэх эрх чөлөө боомилогдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-03 13:00:17

БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 3 /DW/. Үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой нөхцөл байдал дэлхий даяар түүхэн доод түвшинд хүртлээ дордсон байна гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” /RSF/ байгууллагаас баасан гарагт танилцуулсан “хэвлэлийн эрх чөлөөний индекс” гэдэг тайланд дурджээ.


Уг индексийг тодорхойлохдоо улс төрийн нөхцөл байдал, эрхзүйн суурь зарчмууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эдийн засгийн орчин, нийгэм-соёлын нөхцөл байдал ба аюулгүй байдал гэсэн таван үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.


Дэлхийн 180 улс орон, нутаг дэвсгэрийн 90-д нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд “түвэгтэй” ба “маш ноцтой” нөхцөл байдал үүсжээ. “Аюулгүй байдал хангагдаагүй, улам чангарч буй авторитаризмаас гадна эдийн засгийн шахалт хавчлага нь үүний үндсэн шалтгаан болж байна” гэж дээрх тайлантай холбоотой хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Өнөөдөр дэлхий даяарх хэвлэлийн редакциудын хувьд бие даасан байдалд хүрэх эрмэлзлэл ба эдийн засгийн хувьд тэсэн тогтох гэсэн хоёр сонголт үлджээ.


RSF-ийн Гүйцэтгэх захирал Аня Остерхаус хэвлэлийнхэнд учирч буй санхүүгийн хүндрэлийг тайлбарлахдаа “хараат бус сэтгүүл зүй бол автократ засаглалын хувьд нүдэнд нь орсон өргөс юм. Хэрвээ хэвлэлийнхэн санхүүгийн хувьд сул дорой байх юм бол хуурмаг мэдээлэл, суртал ухуулгыг хэн илчлэх юм бэ? Ийм учраас бид сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулахын сацуу сэтгүүлзүйн салбарын эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэхийн төлөө тэмцэж байна” гэлээ. 


Тус байгууллагын судалгаагаар, 46 улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цөөн тооны эзэд хянадаг бол 60 орчим улсад хэвлэлийн редакциуд эдийн засгийн шалтгаанаар хаагдаж байна. Үүнд эрх баригчдын зүгээс үзүүлж буй дарамт шахалт нэрмээс болж байна.  

Холбоотой мэдээ