“Ногоон алт” төсөл Дорнод аймагт хэрэгжихээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 13:45:52

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт” бэлчээрийн менежментийг сайжруулах төсөл Дорнод аймагт хэрэгжихээр боллоо.Төслийн багийнхан энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж Булган, Цагаан-Овоо, Баян-Уул сумдад дээрх төслийг хэрэгжүүлэхээр тогтжээ.

Уг төсөл нь Баруун бүсийн долоон аймагт амжилттай хэрэгжээд энэ жил Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад хэрэгжих гэж байгаа юм. Төсөл баруун аймгуудад 10 жилийн хугацаанд хэрэгжсэн бол Дорнод аймагт дөрвөн жил хэрэгжинэ. Цаашид амжилттай, үр дүнтэй ажил болбол үргэлжлээд бусад сумдыг хамрах юм байна.

Төслийн зорилго нь бэлчээрийн даацыг зөв хуваарилах, эрүүлжүүлэх арга барилыг малчдад эзэмшүүлэхээс гадна малчдын эдийн засгийг бэхжүүлэх, малын гаралтай түүхий дэийн үнийг өсгөх экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрийн гэсэн брэндийг бий болгох зэрэг өргөн хүрээг хамарна гэж төслийн удирдагч Монголын бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг ярилаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ