Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн өнөөдөр Тажикистаны нийслэл Душанбе хотод эхэлж байна.
2025 оны тав дахь “Их дуулга”-д 27 орны 226 (эрэгтэй 123, эмэгтэй 103) жүдоч оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 17 тамирчин өрсөлдөхөөр Тажикистанд очлоо.
Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Энхдөл, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, +78 кг-д Д.Номинзул нар зодоглох юм.
Өнгөрсөн жилийн Душанбегийн “Их
дуулга“-аас гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль
хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байв.