ӨВӨРХАНГАЙ: С.Энэн-Аа: Гэрэл зураг бол байгалийн амьд гэрч юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-30 16:46:42

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын анхны мастер зурагчин С.Энэн-Аа гуайтай ярилцлаа. Тэрбээр Арвайхээр суманд гэрэл зургийн студи ажиллуулан 51 дэх жилдээ зураг авч байна.


-Та аймагтаа мэргэжлийн гэрэл зурагчин, олон жил гэрэл зургаар дагнан ажиллаж байна. Хэзээнээс энэ мэргэжлийг эзэмшиж байв?

-Би 1964 оноос эхлэн ажил эрхэлж, одоо 61 дэх жилдээ хөдөлмөрлөж явна. Үүнээс 51 жилд нь гэрэл зурагчнаар ажиллаж байна. 1974 онд анх дадлагаар гэрэл зурагчин болж, дараа нь ардчилсан Герман улсад курст явж, фото мастерын зэрэг хамгаалж байсан юм. 

Тэр үед соёлын системийн харьяанд Улсын гэрэл зургийн газар ганцхан байдаг, тэнд хэвлэл мэдээлэл, судалбар зураг, уран сайхны чиглэлээр ажилладаг бүх зурагчин хамаарна. 1978 онд тэр бүх зурагчныг 1978 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам руу шилжүүлж, соёлын ажилтнаас үйлчилгээний ажилтан болсон. 

НЭГ ЗУРАГЧИН САРД 5-6 МЯНГА, ЖИЛД 60-70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРУУЛАХ НОРМТОЙ БАЙВ


Аймгийн зургийн газрыг би 1990-ээд оны өөрчлөлт, шинэчлэлт хүртэл 10 гаруй жил толгойлж ажилласан. Тэр хугацаанд социалист хөдөлмөрийн бригад байгуулж ажилаад хамт олноо аймаг, улсын тэргүүний бригад болгож байлаа. Дараа нь аймагт анхны Хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын бригад болгож өөрчлөөд хоёр жилийн дараа дахин улсын аварга бригад болж байсан. Хамт олноос маань Нийтийн аж ахиун үйлчилгээний яамны аварга ажилтан гурав төрөн гарч байлаа.


Уг нь гэрэл зураг гэдэг чинь уран бүтээл учраас соёлын байгууллагад хамаарах ёстой. Гэтэл ахуйн үйлчилгээнд харьяалагдаад ирэхээр соёл гэдэг нь ор тас хаягдаж, гол нь орлогын төлөвлөгөө биелүүлэхэд анхаарч байгаа юм. Би залуу хүн, идэвх оролдлого сайтай байж. Орлогын төлөвлөлгөөг сайн биелүүлж байсан.


-Орлогын төлөвлөгөө нь жилд хэдэн зураг авах нормтой байв?

-Сар бүр харилцан адилгүй хуваарилна. Нэг зурагчин сард 5-6 мянга, жилд 60-70 мянган төгрөгийн орлого оруулах нормтой. Зурагчид нь зөвхөн зургаа авна, лаборантууд зургаа угаана, бас зургийг хатааж хувилах бас нэг хүн байна. Хамтын зохион байгуулалтаар ажилладаг байсан. Бас сумыг зурагчдадаа хуваарилаад өгчихнө.

Нэг зурагчин 3-4 сум хариуцна. Үйлчилгээний байгууллага учраас голчлон бичиг баримтын зураг авдаг. Мөн аймаг, нутаг орноо сурталчилсан зургууд авна. Чухал үйл явдлын үеэр үзэсгэлэн, булан их гаргана. Байгууллага бүр хүндэт самбартай. Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Халимаг улстай манай Өвөрхангай аймаг шууд харилцаатай байсан учраас урлаг, соёлын зураг их авдаг, сурталчилгааны самбар хийдэг байлаа.

Үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг олшруулахад бүгд анхаарч ажилладаг байсан даа.


-Дээхэн үеийн зургууд маш чанартай, гандаж хуучирдаггүй шүү дээ. Зураг авах, угаах ажиллагаа яаж явагддаг байв?

-Тэр үед дэлхий нийтээрээ л плёнкоор зураг авдаг байв. Бидний ажиллаж байсан технологи нарийн ажиллагаа ихтэй, мэдлэг чадвар шаарддаг байсан ч тухайн үедээ гоё л санагддаг байлаа. Автомат аппарат гэж байхгүй, бүгд механик ажиллагаатай. Зурагчин өөрөө фокусаа, хөшигний хурд, гэрлээ тохируулна. Хальсаа өөрөө боловсруулна. Хар, цагаан плёнк гэхэд тодруулах хор, бэхжүүлэх хор хэрэглэнэ. Угаах зургийнхаа тоо хэмжээг лаборантдаа бичиж өгнө. Угаасан зургаа хатаана. Шилэнд сода түрхээд хатааж байснаа сүүлдээ хатаадаг машинтай болсон. Их нарийн нягт, нямбай ажиллагаа шаарддаг байв. Хамгийн аюултай нь бүх ажил хортой, харанхуй нөхцөлд явна. Ямар ч гэрэл үзүүлж болохгүй.

Өнгөт зураг бол бүр хэцүү. Тав, зургаан хороор дамжина. Хор бүхэн өөр өөр хугацаа, температуртай.

Өнгөт зургийг манай улсад 1960-аад оноос авч эхэлсэн. 1980-аад оны дунд үеэс зураг угаадаг том том хэвлэх машинууд тавигдаж, 1990-ээд оны дараахан дижиталд шилжсэн. Тэр үеэс лабораторийн үйл ажиллагаа зогссон юм. Одоо хүн бүр зурагчин болсон байна. Энэ бол дижиталын гайхамшиг юм даа.



“МАСТЕР ЗУРАГЧИН” ГЭХ ЦОЛ БИЙ БОЛГОЖ, ХАМГИЙН АНХНЫ ЦОЛЫГ БИ АВЧ БАЙСАН


-Германд та гэрэл зургийн боловсрол эзэмшсэн гэлээ. Юуг голлон суралцсан бэ?

-Уран сайхны зураг, мөн зураг засварлах чиглэлээр суралцсан. Аймаг бүрээс нэг нэг хүн явж суралцаад аппарат хэрэгсэл олж ирж, уран сайхны зургийн студи нээн ажиллуулж байсан юм. Миний хувьд 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөөд ахуйн үйчилгээ гэх байгуулага тарснаас хойш 30 гаруй жил хувийн гэрэл зургийн газар ажиллуулж ирлээ. Бичиг баримтын түргэн зураг голлон авч байна.


-Өвөрхангай аймагт гэрэл зураг үүсэж хөгжсөн түүхээс товчхон ярьж өгнө үү?

-Манай аймагт 1940-өөд онд анхны гэрэл зургийн газар бий болж, алдарт уулчин, анхны кино операторуудын нэг Явуухүү гэж хүн зураг авч эхэлсэн байдаг. Дараа нь Цэндээ наймаа гэж хятад хүн, миний багш болох Шижээ, Хайнзан, Охиноо, Оросоо гэхчлэн олон гэрэл зурагчин төрсөн. Дунд үеийнхэн буюу миний үед, мөн сүүлийн үеийнхэнд олон сайн гэрэл зурагчин байна.


-Одоо хүүхэд, томчуудгүй бүгд л утсаараа зураг авчихаж байна. Мэдээж, алдаа дутагдал их бий. Энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа хүмүүс ч байна. Тан шиг номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь идээгүй болохоор алдаа дутагдал нэлээн ажиглагддаг болов уу?

-Хүмүүс өөрсдийн авсан зургаа авчирч угаалгадаг. Эндээс харахад учир дутагдалтай тал байлгүй яахав. Ихэнхдээ зураг авах цэгээ, гэрлээ буруу сонгосон байдаг. Аппарат нь автомат учраас зураг авч байгаа хүний өөрийн санаачилга хэрэгтэй. Дурандаа харагдсан л бол дараад байхыг зураг авлаа гэхгүй. Хүн бүгд өөр өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, өөртөө болгож байгаа ч гэсэн гарцаагүй мэргэжлийн түвшинд зураг авах шаардлагатай ажлууд их байдаг. Тийм болохоор мэргэжлийн зурагчны хэрэгцээ зайлшгүй гардаг.



-Та хөдөөгүүр их явж, ахуй амьдрал, байгалийн зураг авдаг байсан байх. Өвөрмөц, өөрт таалагддаг зургуудынхаа талаар ярина уу?

-Би чинь анхнаасаа орлогын төлөвлөгөөний хойноос л хөөцөлдөж байсан болохоор тэр арга барил тогтчихсон юм шиг байна. Соёлын системд ажиллаж байхад уран сайхны судалбар зургууд авах даалгавартай байдаг байсан. Гэхдээ зүгээр байгаагүйн гэрч юм даа, гэрэл зургийн уралдаанд оролцож алт, мөнгөн медаль авч байсан.

Бат-Өлзий сум руу явж байгаад Үүртийн тохойд бүдүүн хайнагийн шар уначихсан жаахан охин хонь хариулаад явж байгаа зургийг дарж, уралдаанд явуулаад мөнгөн медаль авч байсан юм. Дараа нь аймгийнхаа мотомастер Ц.Андиахүү болон мотоцикл унадаг хэсэг залуучууд нийлж хээр гараад зориуд харайлгаж зураг авсныгаа уралдаанд явуулахад алтан медаль авч байсан.



ГУРВАН ҮЕЭРЭЭ СУРАГЧИЙН ХУВИЙН ХЭРГИЙН ЗУРГАА НАДААР АВАХУУЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ


Сүүлийн үед С.Чинбат аймагт Гэрэл зургийн холбоо байгуулж, гэрэл зураг сонирхдог залуучуудыг нэгтгэсэн юм. Тэднийг дагаж, зураг авах аянд нэлээн явсан шүү. Түүний үр дүнд гэрэл зургийн цомог номуудыг хэвлүүлсэн. Арвайхээр хотын 290 жил, Өвөрхангай аймгийн 90 жилд зориулсан зургийн цомог номыг хүмүүстэй хамтраад, өөрийн төрөлх сумынхаа тухай “Зүрхний нутаг Зүүнбаян-Улаан” гэх номыг бие даагаад гаргалаа. Байгууллагууд болон ургийн баярын танилцуулга хэд хэдэн ном бэлтгэж хэвлүүлсэн.




Энгийн хүн сонирхоод байхад зурагчин нэр зүүчихээд яаж зүгээр байх вэ, сонин хачин юм авчрахыг бодно. Одоо жоохон харамсалтай нь хөл муудчихаад явах чадвар багасаад л байна. Бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, аймгийн түүхэн зургуудаар зургаан самбар хийн Ахмадын өргөөнд тавьж байлаа. 1986 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамнаас “Мастер зурагчин” гэх цол бий болгож, хамгийн анхны цолыг би авч байсан юм.


-Олон жил зурагчин хийхэд сонирхолтой зүйл тохиолдож байв уу?

-Өнгөрсөн намар нэг эмэгтэй орж ирээд хүүхдийнхээ хувийн хэргийн зургийг авахуулсан юм. Тэгэхдээ “Би нэгдүгээр ангид байхдаа таниар зураг авахуулж байсан шүү дээ. Манай ээж бас хувийн хэргийн зургаа таниар авахуулж байсан” гэдэг юм. Гурван үеэрээ сурагчийн хувийн хэргийн зургаа надаар авахуулж байсан юм байна лээ.

Энэ Тас шувуутай зураг байна даа. Баян-Улаан ууланд зураг аваад явж байхад аргалын сүрэг яваа харагдахаар отоод чулууны ард хэвтчихгүй юу. Гэтэл том шувуу гэнэт гарч ирээд зураг дарчихаж байсан юм. Гэрэл зураг бол байгалийн амьд гэрч юм.


-Аймгийн хөгжлийн түүхийг харуулсан хамаг зураг танд л бий байх даа?

-Мэр сэр юм бий. Нэг их гайхуулаад байхаар оновчтой зураг ховор. Гэхдээ хуучны зураг хэрэг болсон хүмүүст тусалж л байдаг.

- Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.














 

Холбоотой мэдээ