ӨВӨРХАНГАЙ: Аллиер мужтай хамтран ажилласан 25 жилийн ойг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-26 11:44:35

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг, Франц Улсын Аллиер мужтай найрсаг харилцаа тогтоон, хамтран ажиллаад 25 жил болж байна. Ойг тэмдэглэх үйл ажиллагаа Арвайхээр хотоос эхэлж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа.


Энэ үеэр түүх өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж, урлагийн тоглолт, тогоочдын хоолны амталгааг Францын талтай хамтран зохион байгуулсан юм.


Манай аймагт Франц-Монголын хамтын ажиллагаа анх 1994 оноос эхэлсэн. Францын Санте-Сюд байгууллагатай хамтран ажиллаж, тус байгууллагын хөрөнгө оруулалтаар аймгийн БОЭТ-ийн барилгын А, Б, В блокийг барьж, 1997 оны 12 дугаар сарын 12-нд ашиглалтад оруулж байсан юм. Мөн УАЗ-469 машин бэлэглэж байлаа” хэмээн Өвөрхангай-Аллиер нийгэмлэгийн тэргүүн Р. Дуламсүрэн ярив.


Мөн Аллиер мужийн гадаад харилцааны ажилтан Вероник Эрупэ хэлэхдээ, “Бид 25 жилийн хугацаанд нүдэнд харагдахуйц барилга байгууламж бариагүй ч олон эмч, багш, урлаг, соёл, үйлчилгээний ажилтнуудыг улс хоорондын солилцоогоор явуулж, хувь хүний хөгжилд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн” гэв.


1999 онд “Гурван Д” буюу тус мужийн эмч Даниель Дэвин, түүний орчуулагч “ДМД Монгол ХХК”-ийн захирал З.Дэмидбал, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн захирал асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Р.Дуламсүрэн нар “Өвөрхангай-Аллиер нийгэмлэг” /АПАУ/-ийг үүсгэн байгуулсан нь өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, багш нарыг чадавхжуулах, сурагч солилцоо хийх, газар тариаланг хөгжүүлэх зэргээр Франц улсаас 200 гаруй хүн манай аймгийг зорьсон бол Өвөрхангайгаас 120 орчим хүн Аллиер мужид ажиллаад иржээ. Мөн дөрвөн удаа гэрээ байгуулсан бол энэ жил тав дахь гэрээгээ соёл, аялал жуулчлал, залуучуудын хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийхээр ярилцаад байна. Энэ удаагийн гэрээ нь илүү алсын хараатай, өргөн хүрээтэй, хоёр улсын хамтын ажиллагаанд үр ашиг авчирсан гэрээ байх болно гэдгийг аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж онцлон хэллээ. 


Баярын хурлын үеэр хоёр талын найрсаг харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг орон нутгийн хүндтэй шагналаар шагнан урамшуулсан ба ойг тохиолдуулан сурагчдын дунд зарласан эсээ бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. 


Мөн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн, Б.Отгондулам багштай авьяаслаг сурагчдын тоглолтоор эгшгэн хадаг өргөж, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, Франц Улсын Аллиер мужийн Виши хотын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг толилууллаа.









Холбоотой мэдээ