Улсын заан М.Лхагвагэрэл 14 барилдаанаас 7450 оноо цуглуулж, бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчиллээ.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулсан маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаан түрүүлсэн Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл шинэчилсэн чансааг тэргүүлж эхлэв. Тэрбээр дээрх барилдаанд түрүүлснээр 1100 оноо авч, нийлбэрээр 7450 оноотой болж улсын аварга О.Хангайгийн өмнө бичигдлээ. Түүний хувьд энэ улиралд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт шалгарсан амжилттай яваа. Намрын нээлтээс хойш Монголын үндэсний бөхийн холбооноос 23 барилдаан зохион байгуулахад М.Лхагвагэрэл заан 14-т нь зодоглож, есийг нь өнжжээ.
Шинэчилсэн чансаагаар
топ-10 аймгийн цолтой цор ганц бөх байгаа нь хурц арслан Н.Өсөхбаяр юм. Тэгвэл
улсын заан Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга нар шилдэг 10-т багтжээ. Дараагийн
шинэчилсэн чансаа энэ сарын 19-нд болох улсын арслан М.Лхагвын нэрэмжит
барилдааны дараа гарна.