УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлахыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-29 14:28:22

УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалал гарчээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар нэлээдгүй асуудал хэлэлцэхээр товложээ. Хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхийн дотор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр болжээ.

Тогтоолын төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хоёр өдрийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн. Хөтөлбөр нь макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн ирэх оны төсвийг хэлэлцэхээс гадна үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төслийг батална. Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаарх хуулийн төслийг хэлэлцэх юм.

Үүний зэрэгцээ баасан гарагийн үдээс хойш Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Өөрөөр хэлбэл, УИХ ирэх 7 хоногт нэлээн шахуу асуудлуудтай байх нь.

Б.Туул

Холбоотой мэдээ