УВС: “Хаврын яргуй-2025” тэмцээнийг гурван төрлөөр зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-27 15:04:17

Улаангом. 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний сонирхол, авьяас чадвар, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, орчин үеийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хаврын яргуй-2025” тэмцээн Улаангом суманд боллоо.


Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус тэмцээн орчин үеийн бүжиг, сонгодог хөгжим, гадаад дуу гэсэн гурван төрлөөр тус бүр хоёр насны ангилалд болж, нийт 200 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараа сорин өрсөлдлөө.


Тэмцээний орчин үеийн бүжиг төрлийн дунд насны ангилалд ЕБ-ын 3-р сургуулийн "Star kids" хамтлаг, ахлах насны ангилалд ЕБ-ын 3-р сургуулийн "Сион" хамтлаг тус тус тэргүүлсэн юм.


Харин сонгодог хөгжмийн дунд насны ангиллын гоцлол төрөлд ЕБ-ын 2-р сургуулийн Б.Мөнхтүшиг, ахлах насны гоцлол төрөлд ЕБ-ын 1-р сургуулийн Б.Цолмон нар тэргүүлсэн бол ахлах насны хамтлаг төрөлд Насан туршийн суралцахуйн төвийн "Яруу эгшиглэн" хамтлаг түрүүллээ.


Мөн гадаад дууны дунд насны ангиллын гоцлол төрөлд Баруунтуруун сумын Т.Баясгалан, ахлах насны гоцлол төрөлд Т.Баяржавхлан нар шалгарсан бол дунд насны хамтлаг төрөлд ЕБ-ын 6-р сургуулийн "Cmajor" хамтлаг, ахлах насны хамтлаг төрөлд ЕБ-ын 2-р сургуулийн "Голос" хамтлаг тус тус тэргүүлсэн юм.


“Хаврын яргуй-2025” тэмцээнийг аймгийн хэмжээнд анх удаа зохиосон ч үзэгч, оролцогч ихтэй, өрсөлдөөнтэй боллоо. 

Холбоотой мэдээ