Метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжих тухай асуудлыг хэлэлцжээ.
Улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-ийг дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ярихдаа, “Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан байдаг. Улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттай зохион байгуулахад БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” компани болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч өнгөрсөн оны 7 дугаар сарын 5-нд гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор тунель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийх юм. Тунель өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон. Метроны төслийн төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагууд баталсан бөгөөд 2.4 тэрбум ам.доллар байна. Үүний 97.7 хувийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулна. Санхүүжилтийн 15 хувийг нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс татахаар олон яриа хэлцэл, уулзалт хийж байна” гэв.
Энэхүү метроны төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын 28, Олон улсын 56 стандартыг мөрдөж ажиллахаас гадна олон талын хууль, эрх зүйн уялдаа холбоог хангаж ажиллахаар төлөвлөжээ.