Хөтөлбөрийн үр дүнг судалгаанаас харна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаас "Хүүхдэд ээлтэй аймаг" хөтөлбөрийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн хөгжилд өөрчлөлт хэрхэн гарсан талаар "Хүүхэд хөгжил-2016" судалгаа хийж байна.
Судалгааны хүрээнд тус аймгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг судалж, аймаг, орон нутгийн түвшинд цаашдын бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох гэнэ.
Тус аймгийн 23 сум, тосгоноос түүвэрлэгдсэн өрхүүд судалгаанд хамрагдах ба судалгааны 8 хэсэг ажиллаж байна. 2012 онд энэхүү судалгаа хийгдэж байсан бөгөөд энэ удаагийн судалгаа дахин хийгдсэнээр хөтөлбөр хэрэгжсэнээр гарсан өөрчлөлт харагдах төдийгүй эхний мэдээллийг шинэчлэх, баяжуулахыг зорьж байгаа ажээ.
Б.Гантуяа