СҮХБААТАР: Он гарсаар малын хулгайн 33 гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-19 13:50:44

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл” хуралдаж тус аймагт 2024 онд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.

 

Сүхбаатар аймагт үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 56,9 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг үүн дотроо орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хөрш зэргэлдээх аймгуудтай тогтмол мэдээлэл солилцож хэвших шаардлагатайг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү санууллаа.

 

2025 оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийн 33, орон байрны хулгайн 34 гомдол бүртгэгджээ. Мөн тээврийн хэрэгслийн хулгай нэг бүртгэгдсэн бөгөөд хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Хулгай тэр дундаа малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтээр Сүхбаатар аймаг улсад тэргүүлж байна.

 

Цаашид хулгайгүй болох, хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой талаар дэд зөвлөлийн гишүүд санал уламжиллаа. Тодруулбал, малын эмч, уяачдын уулзалт зөвлөгөөнийг хийж саналыг сонсох, мэдээллээр хангах, адууг чипжүүлэх, замын хяналтын постуудыг тогтмол ажиллуулах, иргэдийн гар дээрх нэн эртний, ховор үнэт эдлэлийг бүртгэн баримтжуулах, дэд зөвлөлийн хурлыг тогтмолжуулах, иргэд олон нийт рүү хандсан уриалга, сэрэмжлүүлгийг орон нутгийн хэвлэл мэдээлийн байгууллагуудтай хамтрах замаар түгээх нь үр дүнтэй зэргийг хэлж байв.

 

Зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг нэгтгэн аймгийн ГХУСАЗСХ-ийн 2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгуулахаар санал орууллаа.

 

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэл бүхий дөрвөн дэд зөвлөл ажилладаг. Эдгээрийн нэг нь хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл юм. Тус зөвлөл нь 2023 онд байгуулагдсан бөгөөд энэ оноос үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүн гаргаж ажиллахаа цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм.

 

Холбоотой мэдээ