Автобусны нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчил байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-18 10:29:10

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгаж байна. 


НЗДТГ-аас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэх зорилгоор есөн дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил арилгах хоёр сарын аянг эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүрэгт мэргэжлийн 10 гаруй байгууллагын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Таван шарын уулзвараас баруун 4 зам” хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулжээ.


Шалгалтын талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар ярихдаа, “Манай дүүрэгт томоохон зах, худалдааны төвүүд төвлөрдөг. Тиймээс гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулах, явган зам дээр зөвшөөрөлгүй газар шороо ухаж, зорчих хэсгийг эвдэх зэрэг зөрчил гарч байна. Өнгөрсөн онд энэ төрлийн зөрчлийг арилгуулж, нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг шилжүүлсэн. Гэвч дулааны улирал ирж буйтай холбоотой нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчлийг шат дараатай арилгана” гэв.



 

Холбоотой мэдээ