Аймгийн Засаг дарга "Хүннү Эйр"-ээр хамгийн олон удаа үйлчлүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-10-25 17:02:10

Завхан аймгийн Хүннү Эйр компанийн салбар 7 сараас 9 сарын хооронд хот хооронд хамгийн олон явсан үйлчлүүлэгчдээ урамшуулан шагналаа.

Тус компани таван жилийн ойн баяраараа үйлчлүүлэгчиддээ ээлжит бэлгээ  барьжээ. Завхан аймгаас хот хооронд 10 удаа ирж очсон тоогоороо Завханы  Засаг дарга Д.Батсайхан тодорч “Лед” телевизийн эзэн болсон бол иргэн н.Аюушжав смарт гар утсаар шагнагджээ. 

Мөн иргэн н.Цэнд-Аюуш, н.Баасандорж, н.Алтанцэцэг, н.Батпүрэв, н.Баярмаа, н.Пунцаг, н.Уранчимэг,н. Жаргалсайхан нар Хүннү Эйр компанийн гарын бэлгээр тус тус шагнуулсан байна.

Дашрамд тус компани урамшуулал зарлаад буй юм. Тухайлбал 2016 оны 10-р сарын 12-ны өдрөөс эхлэн 12-р сарыг дуустал Хүннү Эйр компанийн нислэг үйлдэж буй орон нутгийн аль ч чиглэлээс Манжуур явах тийзийг 50 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой болжээ. Мөн Манжуур хотын таван одтой Шангри-Ла зочид буудалтай хамтын ажиллагааны хүрээнд Хүннү Эйрийн нислэгийн зорчигчдод хямдралтай үнээр үйлчлэх юм байна. Та тийзээ худалдаж авахдаа Шангри-Ла зочид буудалд буух тухайгаа мэдэгдэж, хямдралд хамрагдах юм байна.

2011 онд анх Монголиан Эйрлайнз Грүпп нэрээр байгуулагдаж байсан Хүннү Эйр компанийн таван  жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Эднийхэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын орон нутгийн нислэгийг дэлхийн агаарын тээврийн сүлжээнд холбох, мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, олон улсын стандарт хэм хэмжээнд хүрсэн агаарын тээврийн иж бүрэн аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ