ОРХОН: "Зэс аргай-2025" шагайн харваа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Үндэсний өв соёлоо түгээж үндэстний дархлаагаа хамгаалцгаая” уриан дор Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн санаачилгаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор "Зэс аргай-2025" шагайн харвааг өнөөдөр зохион байгуулж байна.
Сар шинийн баярыг угтан луу жилийн отог харваанд аймгийн нийт 18 багийн 150 гаруй улс, аймгийн цолтой мэргэн харваачид оролцож байна.
Отог харвааг анх 2013 оноос эхлэн аймгийн ИТХ-ын тухайн үеийн дарга асан Б.Мягмарсүрэнгийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд цар тахлын жилүүдэд тасарснаас хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна.
Энэ жилийн хувьд харваачидын нас залуужсан, монгол түмний өв соёл гэдэг утгаараа хүүхэд, залуучууд ихээхэн хичээллэх болсон юм.
Орхон аймгийн хэмжээнд улс, аймгийн цолтой Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал тэргүүтэй 40 гаруй харваач цэц, мэргэн ухаанаа сорьж байна.
Ташрамд, малыг гаршуулж эхэлсэн цагаас шагайн наадгайн үүсэл эхэлсэн гэж үздэг.
Түүхийн хуудсыг сөхвөл, Мөнх хаан дайны бус цагт цэргүүдийнхээ сум тавих эрхий хурууны эрчийг хариулахгүй байлгах, нарийн мэдрэмж, тэсвэр хатуужил олгох, эр зориг, цэгцтэй ур чадварыг бий болгох үүднээс шагайн харваагаар наадуулж байсан гэдэг. Монголчууд шагайгаар бөгцөг харвах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэрэг олон төрлийн тоглоом тоглодог бөгөөд эдгээр нь уламжлагдан өнөөг хүрэхдээ “Шагайн харваа” хэмээх спорт болтлоо хөгжөөд байна.