“Симфони оркестр-Мүраками Харүки” тоглолт өнөөдөр, маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сонгодог хөгжим дэх утга зохиол, эсвэл утга зохиол дахь сонгодог хөгжмийн найрслыг дэлхийн нэрт зохиолч Мүраками Харүкигийн бүтээлүүдээс харж болно.
Түүний зохиолд үргэлж хөгжим өгүүлж байдгийг уншигчид нь андахгүй. Тэрбээр зохиолчоос гадна хөгжмийн ертөнцөд зүггүй аялагч юм. Тэгвэл Улсын филармонийн тайзнаа “Мүраками, сонгодог үдэш” нэртэй тоглолт өнөөдөр, маргааш болох гэж байна. Түүний бичсэн “1Q84” зохиолын үндсэн хөгжим болох Чехийн хөгжмийн зохиолч Яначек Леосын “Симфонетта 1, 2, 3, 4, 5” эгшиглэх юм.
Энэ хөгжмийг Монголд анх удаа тоглохоороо онцлогтой. Түүнчлэн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” зохиолын хөгжмүүд эгшиглэнэ. Сонгодог урлагийн бүтээлүүд утга зохиолын ертөнцөд эгшиглэн, утга зохиолын баатрууд сонгодог хөгжмөөр амьсгалж буйг Харүки Мүракамигийн зохиолоос фэнүүд нь уншдаг байсан бол энэ удаа амьсгаа даран сонсох цаг айсуй. Дэлхийн пост модерн утга зохиолын гарамгай төлөөлөгч Харүки Мүракамигийн зохиолд 150 гаруй хөгжмийн зохиол дурдагддаг бөгөөд энэхүү тоглолтын үеэр гол романуудад нь гардаг сонгодог хөгжмийн бүтээлүүдээс дээжлэн тоглоно.
Монгол Улсын Филармонийн симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох тус тоглолтын санаачлагч нь “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага бөгөөд “Номын баяр”-ын үеэр уншигчдын дунд судалгаа явуулахад залуучуудын уулзахыг хүсдэг гадаад зохиолчдын хоёрдугаарт Мүраками Харүкиг нэрлэжээ. Мөн энэ хоёр үдэш Харүкигийн уншигч, хөгжим сонирхогчид зохиолчийн монгол хэлээр гарсан зохиол бүтээлийг нэг дороос үзэж сонирхон худалдан авах, орчуулагч, хэвлэн нийтлэгчид, мэргэжлийн хөгжимчидтэй халуун дотно яриа дэлгэх боломжтой.
Зохиолчийн голлох бүтээлүүдийг Монгол-Японы утга зохиолын нийгэмлэгийн тэргүүн, орчуулагч О.Жаргалсайхан эх хэлнээ орчуулж, “Монсудар”, “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж Монголын уншигчдад хүргэсэн юм.