Найрал дууны наадмын шилдгүүд энэ сарын 28-нд тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах наадмын II шатны шалгаруулалтад 18 сургуулийн 1600 гаруй сурагч, 54 багш өрсөлдлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор тус наадмыг энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулав.
Тус наадмын тэргүүн байрт Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль, дэд байрт Баянгол дүүргийн 28 дугаар сургууль, гутгаар байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль, тусгай байрт Чингэлтэй дүүргийн 50, 39 дүгээр сургууль тус тус шалгарлаа. Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн багш С.Урантуяа, шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодров.
Найрал дууны наадмын шагналтнуудын нэгдсэн Гала тоглолт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд болно. Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрын шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод урилгаар оролцох юм.
Ж.Болор