Румыний Ерөнхийлөгч огцорно гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-11 09:58:09

БУХАРЕСТ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /Politico/. Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнис парламентын эхлүүлсэн импичментийн үйл явцаас зайлсхийхийн тулд албан тушаалаасаа лхагва гарагт огцорно гэдгээ мэдэгджээ.


2014 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж буй К.Йоханнис өнгөрсөн оны сүүлчээр болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалаа орхих ёстой байв. Гэсэн хэдий ч Оросын хөндлөнгийн оролцооны талаар дуулиан дэгдсэний дараа Үндсэн хуулийн цэц санал хураалтыг дахин явуулах нь зүйтэй гэж үзээд түүний бүрэн эрхийн хугацааг түр сунгажээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулийн эхний шатны санал хураалтад хэт барууны үзэлт, бие даан нэр дэвшигч Кэлин Жоржеску ялснаас хойш Румын улсад улс төрийн эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.


Хоёр дахь шатны санал хураалтын өмнөхөн Румыний Үндсэн хуулийн цэц нийгмийн сүлжээн дэх Оросын ажиллагаа эхний шатны санал хураалтын явцад нөлөөлсөн тул сонгуулийн үйл явцыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин эхлүүлэх шаардлагатай гэж үзжээ. Улмаар К.Йоханнисыг ирэх тавдугаар сарын 4-нд товлосон ерөнхийлөгчийн сонгууль хүртэл албан тушаалдаа үлдэхийг зөвшөөрсөн байна.  


Гэвч хэт барууны үзэлт сөрөг хүчний намууд болон либерал үзэлт “Румынийг аврах холбоо” намын хууль тогтоогчид нэгдэж, сонгуулийн аюулгүй байдлын талаарх асуултуудад хариулт өгч чадаагүй хэмээн К.Йоханнисыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал гаргажээ.


К.Йоханнис уг алхмыг үндэслэлгүй бөгөөд хор хөнөөлтэй гэж тодорхойлжээ. Тэрбээр албан тушаалаасаа огцрох тухайд мэдэгдэхдээ, миний бие хэзээ ч Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн байна. К.Йоханнисыг огцорсны дараа Румыний парламентын дээд танхимын дарга Илие Боложан дараагийн сонгууль хүртэл түр ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ.

Холбоотой мэдээ