Улаанбаатарын өвлийн наадамд монгол туургатны 100 гаруй тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-06 14:50:55

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт”-той хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулна.


Монголын өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.


Наадмын үеэр мөсөн сур болон шагайн харваа, снөүбоард, параглайдинг /уулын шүхэр/, цасны регби, уулын цана, мөсөн хананд авирах, кёрлингийн тэмцээн зохион байгуулах аж. Түүнчлэн гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээнээс гадна шүхэр, шувуулахуйн үзүүлбэрийг хөтөлбөртөө багтаажээ.


Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгур, ОХУ-ын Тува, Буриад гэх мэт монгол туургатны 100 гаруй тамирчин ирэхээр мэдүүлэг өгчээ.









Холбоотой мэдээ