ЗАВХАН: Хавар нөөцийн махны хомсдолд орох эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-31 13:27:58

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил хүнсэнд зориулахаар 210.3 тонн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлжээ.


Завхан аймгийн 24 сумын хэмжээнд үхрийн 45.3 тонн, 112.7 тонн хонины мах, 62.2 тонн ямааны махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн. Аймгийн төв Улиастайд нийт 28 тонн хонь, ямааны махыг нөөцөлсөн байна.


Завхан аймаг 2024-2025 оны өвөл, хаврын улиралд 219 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэхээр төлөвлөсөн. Оны өмнө 442.1 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэх судалгаа гарсан. Энэ жил ихэнх суманд цаг агаар тогтуун, өвөлжилт сайн байгаа учир малчид малаа борлуулах сонирхолгүй байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн аргаар бэлтгэсэн нөөцийн мах тавдугаар сар гэхэд дуусах төлөвтэй, махны хомсдолд орох эрсдэлтэй байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Завхан аймаг хүн амынхаа махны хэрэгцээний 98.7 хувийг дотоодоосоо хангадаг.


Тус аймгийн хэмжээнд "Завхан хүнс" групп, “Саян ундарга" ХК, “Нисэх агро" ХХК, “Сэцэн агро” ХХК, "Тэс шим" хоршоо зэрэг 5 аж ахуйн нэгж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


Өнгөрсөн онд “Завхан хүнс” ХХК 18 тн хонины махыг Азербайжан улсад экспортолсон. “Саян ундарга” ХК адууны мах 300 тн, ямааны мах 131 тн, хонины мах 27.7 тонныг БНХАУ руу экспортолсон байна.

“Сэцэн агро” ХХК үхрийн мах 21.5 тн, хонины мах 64.5 тн, нийт 86 тн махыг дотоодод борлуулжээ. Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Улиастай суманд мах боловсруулах нийт 5 үйлдвэр 300-2000 тн махыг хадгалах хүчин чадалтай зориулалтын зоорьтой.

Холбоотой мэдээ