Малчид цаг агаарын мэдээг тогтмол авснаар мал аж ахуйд сайнаар нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНМерси Кор байгууллагын хэрэгжүүлсэн, АНУ-ын ОУХА-аас санхүүжүүлсэн "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" төслийн хүрээнд Завханы малчдад гар утсаараа дамжуулан цаг агаарын мэдээг багийн түвшинд авах боломжтой SMS системийг нэвтрүүлжээ. Ингэснээр малчид цаг агаарын мэдээг өдөр тутамдаа авдаг болжээ.
Харин үүний үр дүн гарч байгаа гэнэ. Жишээ дурьдвал: Завхан аймгийн малчин С.Баянмөнх нь энэхүү системийн хэрэглэгчдийн нэг юм. "Энэхүү шинэ SMS систем нь малчдад маш их чухал ач холбогдолтой үйлчилгээ байна" гэж Баянмөнх онцолж байна. Бид багийн түвшинд цаг агаарын мэдээг хүлээн авснаар өдөр тутмын ажлаа төлөвлөх боломжтой болсон гэж хэллээ.
Тэрээр хоёр сарын хугацаанд 21 удаа цаг агаарын мэдээг мессежээр хүлээн авсан байна. Авсан мэдээлэлдээ тулгуурлан С.Баянмөнх хонь хяргахдаа олон өдөр дарааллан нартай өдрүүдийг сонгосон нь хонь мал бээрч осгон хорогдохоос сэргийлж чаджээ.
Мөн айл саахалтынхандаа ч цаг агаарын мэдээгээ дамжуулдаг байна. Дашрамд малчид өмнө нь цаг агаарын мэдээллийг телевиз болон радиогоор дамжуулан хүлээн авдаг. Цаг агаарын мэдээнд хур тунадас, температур, салхины хурд гээд маш ерөнхий мэдээллийг нутгийн баруун зүүн, өмнө хойд хэсгээр гэх мэт байдлаар зарладаг. Малчдад хамгийн их хэрэгтэй сум, багийн цаг агаарын мэдээлэл байдаггүй байжээ. Тиймээс цаг агаарын ерөнхий мэдээлэл дээр үндэслэж малчид малаа маллах, бэлчээр нутгаа сонгох, нүүх, хадлангаа бэлтгэх, малын ноос ноолуураа хяргах зэрэг ажлаа төлөвлөдөг юм байна.
Цаг агаарын мэдээ буруу гарвал малчид хохирох тохиолдол их гардаг. Жишээ нь 2015 оны 7 сард Завхан аймгийн нийт нутгаар хүйтэн бороо таван өдрийн турш орсоны улмаас 18 мянган хонь осгож үхсэн байсан. Учир нь малчид хүйтэн бороо орохын өмнөх өдрүүдэд хонио хяргасан нь хонь мал хорогдоход хүргэсэн байна. Тиймээс сум багийн түвшинд цаг агаарын мэдээгээ ийнхүү мессежээр хүлээж авдаг болсон нь малчдад их хэрэгтэй зөв ажил боллоо гэдгийг малчид төслийнхөнд талархан хэллээ.
Б.Мягмарсүрэн