Р.Дутерте: Филиппин АНУ-тай харилцаагаа таслаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-22 09:18:37

МАНИЛА. /Kyodo/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте “манай улс АНУ-тай харилцаагаа таслаагүй. Харин Манила гадаад бодлогоо Вашингтоны гадаад бодлогоос тусгаарлаж байна” гэж хэллээ.

Пүрэв гарагт Бээжин хотод болсон бизнес уулзалтын үеэр тэрбээр үг хэлэхдээ “Филиппин улс цэрэг, эдийн засгийн хувьд АНУ-аас тусгаарлаж байна” гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан  АНУ-ын Засгийн газар тайлбар хүссэн юм.

Тэрбээр өнөө өглөө Давао хотноо сэтгүүлчдийн асуултанд “би АНУ-тай харилцаагаа таслах тухай яриагүй. Харин Манилагийн гадаад бодлогыг Вашингтоныхтой ямагт уялдуулан нийцүүлэх албагүй гэж л хэлэхийг хүссэн юм” гэжээ.

Баасан гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест “Р.Дутерте байнга олон нийтийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийдэг” гээд, “иймэрхүү мэдэгдлүүд нь хоёр улсын ард иргэд, цэрэг арми болон засгийн газрууд хоорондын харилцаанд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой” гэсэн юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ