ТӨВ: Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн 80 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн 80 жилийн ой тохиож байна. Ойн үйл ажиллагааг “Мөнхөд орших номын хэлхээ” номын нээлтээр эхлүүлэв.
Уг номд Номын сангийн үүсэл, сан хөмрөг, хөгжлийн явцыг дэлгэрэнгүйгээр оруулснаас гадна Төв нутгийн бахархал Ардын уран зохиолчдын тухай, үе үеийн номын сангийн эрхлэгчид, ажилтан, албан хаагчид, соёлын хэлтсийн дарга нар, аймаг, суманд одоо ажиллаж байгаа номын санч нар, цагийн хүрд зэрэг олон сонирхолтой мэдээлэл багтжээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1944 оны 12 дугаар сарын 11-ний 530 тоот тушаалаар аймгийн клубийн дэргэд 300 номтой, нэг орон тоотой, уншлагын танхим байгуулсан нь одоогийн Нийтийн номын сангийн үүсэл юм.
Түүхэн хөгжлийнхөө явцад:
-1980 онд 70.8 мянган номтой, 26 суманд 250 мянган номтой номын сан, 33 уншлагын газар ажиллаж, Соёлын хэлтсийн харьяанд иржээ.
-1989 оны 8 дугаар сарын 1-нд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байргуулах хүчин чадалтай зориулалтын байранд орж, сан хөмрөгтөө 34435 ном, хэвлэлийн материалтай болж, жилд дунджаар 3-5 сая төгрөгөөр сан хөмрөгийн баяжилт хийдэг болов.
-2016 онд Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойгоор аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Д.Нацагдоржийн нэрэмжит болсон юм.
-2021 онд гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд томоохон засвар шинэчлэл хийж, сан хөмрөгтөө 36 мянган ном, хэвлэлийн материалтай, 238 уншигч, үйлчлүүлэгчийн хүчин чадалтай болж өргөжин хөгжсөн байна.
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн хамт олон хөгжлийн шинэ үе эхэлж байгаатай холбогдуулан “Стратеги төлөвлөгөө-2034” боловсруулан олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд “Мэдээллийн нээлттэй төв”-тэй болох зорилт тавин ажиллаж байна.