ДАРХАН-УУЛ: Мал тооллогод дрон ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-09 17:41:34

Дархан, 2024 оны арванхоёдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2024 оны мал амьтан, хашаа худгийн жилийн эцсийн тооллого өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх мал тооллого 40 чиглэлд 110 тоологч ажиллаж, 2099 малчин, мал бүхий өрхийн дүнг нэгтгэнэ.


Мөн энэ жил техник, технологийн дэвшлийг ашиглан 30 хэсэгт дроноор тоолох ажлыг туршилтаар хийхээр болжээ. Ингэснээр мал тооллогыг техник, технологид тулгуурлан богино хугацаанд бодитой зохион байгуулж, шуурхай ажиллах эхлэлийг тавьж байна гэж аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан мэдэгдлээ.


Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50 тонн тэжээл, сумдад 40 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэжээ. Зудын эрсдэлийн үнэлгээгээр аймгийн нийт нутгаар хамгийн ихдээ 10 см цасан бүрхүүл тогтсон, одоогийн байдлаар өвөлжилт хэвийн байгаа талаар аймгийн ХХААХҮГ-аас мэдэгдлээ.


2023 оны жилийн эцсийн дүнгээр 1178 малчин, 921 мал бүхий өрхийн 261.286 толгой мал тоолуулсан. Малын төрлөөр авч үзвэл тэмээ 7, адуу 21938, үхэр 46008, хонь 112192, ямаа 81141 толгой, хонин толгойд шилжүүлснээр 591.1 мянган толгой мал 2024-2025 онд өвөлжиж, хаваржсан байна.




Мал тооллогоор тоологдсон малын тоог сумдаар авч үзвэл, Дархан сум 16.024, Орхон сум 46.446, Хонгор сум 177.531, Шарын гол сум 20.385 нийт толгой мал тоолуулжээ.


2022 онтой харьцуулахад Дархан сум 29.4 хувь буюу 7060 мянган толгой, Орхон сум 3.5 хувь буюу 1684 мянган толгой, Хонгор сум 17.6 хувь буюу 38108 мянган толгой, Шарын гол сум 19.9 хувь буюу 5075 мянган толгойгоор тус тус буурсан үзүүлэлттэй байжээ.



Холбоотой мэдээ