ДУНДГОВЬ: Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэнийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-09 20:49:12
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-аас жил бүр “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болон “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ийг шалгаруулдаг.


“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ыг шалгаруулахдаа тухайн байгууллагын эрүүл мэндийг дэмжих бодлого, түүний хэрэгжилт, ажлын байрны орчин, ажиллах нөхцөл, ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалж, дэмжиж байгаа байдал, амьдралын эрүүл зөв зан үйлийг сурталчлах үйл ажиллагаа зэргийг харгалзан шалгаруулдаг юм.


2024 оны “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэг шалгарч,  2 дугаар зэрэглэлийн болзол хангажээ.  Тус цэцэрлэг эрүүл мэндийг дэмжих бодлого гаргаж, орчноо сайжруулж, гамшгаас хамгаалах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж, ажилтнуудынхаа эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх болон хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр чиглэлээр санаачилга гарган ажиллаж, үр дүнд хүрсэн төдийгүй ногоон байгууламж байгуулж, цэцэрлэгийн орчныг цэцэгжүүлж, орчноо тохижуулжээ.


145,5 га талбайд хайлаас, чацаргана, монос, шар хуайс нийт 80 мод тарьж ургуулан 98.6 м.кв талбайг зүлэгжүүлж, 37,4 м.кв талбайд мандлын цэцэг тарьж ургуулсан ба шинээр туршилтын талбай, хүүхдийн тоглоомын нэмэлт талбайг байгуулсан байна.


Цэцэгжүүлэх аяныг зохион байгуулж, бүлэг бүр байгалийн буланг тохижуулжээ. 4 бүлгийн байгалийн булан, бусад хэсгүүдэд 25 төрлийн 120 орчим цэцэг тарьж, ургуулжээ.


Энэхүү үйл ажиллагааны үр дүнд тус цэцэрлэг Олон улсын эко сургууль, цэцэрлэг хөтөлбөрийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл хүртсэн юм. 




Харин “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, гэр бүл”-ээр Сайнцагаан сумын 8 дугаар багийн иргэн Б.Умаахан, 9 дүгээр багийн иргэн Ж.Энхмандал нарын гэр бүл шалгарсан бол Сайнцагаан сумын иргэн А.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” болжээ.


Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэнийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн байдал, хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв зохистой хооллолт, эрүүл амьдрах зан үйлийг хэрэгжүүлж, бусад иргэнд үлгэрлэн манлайлж байгаа байдлаар нь шалгаруулдаг юм. 







Холбоотой мэдээ