ӨВӨРХАНГАЙ: Монголын тусгай олимпын хороо орон нутагт анхны салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-04 13:53:18

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын тусгай олимпын хороо орон нутгийн анхны салбар төвийг Өвөрхангай аймагт нээлээ.


Энэ хүрээнд Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээр ахлуулсан ажлын баг 11 дүгээр сарын 1-3-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон Арвайхээр сумын ЕБС-ийн захирлуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.



Мөн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спорт, сургалтаар дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Боломжийг бүгдэд – II” төслийг танилцуулж, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулсан спортын гурван төрөлт тэмцээн, эрүүл мэндийн үзлэг, хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.


Монголын тусгай олимпын хорооны хангайн бүсийн салбарыг Өвөрхангай аймагт нээснээр тусгай олимпын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх, хангайн бүсийн аймгуудыг татан оролцуулах, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, зорилтот бүлэгт хүртээмжтэй хүрэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. 



Дээрх үйл ажиллагаанд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагч зэрэг 260 гаруй хүн оролцлоо.

 

Холбоотой мэдээ