БАЯНХОНГОР: Сорьцын баталгаажуулалтын талаар зөвлөн туслах үйлчилгээ хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс аймгийн төвд үнэт металл, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Баруун бүс худалдааны төвийн долоон лангуу, "Хера өв эрдэнэ" ХХК, Буянт богд худалдааны төвийн Эрдэнэс үнэт эдлэлийн дэлгүүр нийт найман иргэн, нэг аж ахуйн нэгжийн үнэт эдлэлд сорьцын баталгаажуулалт хийсэн эсэхийг шалган, сорьцын баталгаажуулалтын талаар зөвлөн туслах үйлчилгээ хүргэсэн байна. Мөн үеэр зургаан дэнсийг баталгаажуулалтад хамруулан “Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах тухай” 12-01-02/010-02 дугаартай улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргэжээ.
Мөн үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл худалдан борлуулагч иргэн хуулийн этгээдүүдэд "Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаа", "Сорьцын хяналт шалгалт", "MNS6505:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага стандарт", "Орон нутагт үнэт металл худалдан авч борлуулсны ач холбогдол", "Санхүүгийн боловсролтой иргэн хуримтлал хадгаламжийн ач тус" сэдвээр сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байна. Сургалтад 11 иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл 10 албан хаагч оролцсон байна.
Ташрамд мэдээлэхэд, Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэн, ААН-ийн олборлосон алтыг сорьцолж “Эх орны баялгийг эрдэнэсийн сандаа” тушаах боломжийг бүрдүүлдэг. 2023 онд 12 иргэн, 18 ААН алтыг хайлж гулдмайлан сорьцолж, Монгол банканд тушаах боломжийг бүрдүүлсэн бөгөөд 2023 онд сорьцолсон алтны хэмжээтэй тэнцэх алтыг 2024 оны эхний 10 сард сорьцлоод байна.
Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2018 онд 85 гулдмайгаар 79.6 кг алт худалдан авч байсан бол сүүлийн дөрвөн жил дараалан 1.1 тонноос дээш хэмжээтэй худалдан авалтыг хийж, 2018 оноос хойш нийт 6695.5 тонн алт худалдан авчээ.