Украинд зэвсэг нийлүүлж байна гэж Туркийг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /DW/. Турк улс Украинд зэвсэг нийлүүлж байгааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров шүүмжилжээ.
“Харамсалтай нь Туркийн эрх баригчид “Киевийн дэглэм”-тэй цэрэг-техникийн салбарт хамтран ажилласаар байна. Туркийн зэвсгийг Украины Зэвсэгт хүчин Оросын цэргийн алба хаагчид, энгийн иргэдийг хөнөөхөд ашиглаж байна” гэж С.Лавров өчигдөр Туркийн “Hurriyet” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
С.Лавров хэлэхдээ, Туркийн талын эл үйлдэл нь Украин дахь "цэргийн мөргөлдөөн" - ийг шийдвэрлэхэд зуучлах хүсэлтэй нь зөрчилдөж байна гэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр "Украины хямралыг шийдвэрлэхэд Туркийн гаргасан хүчин чармайлтыг Оросын тал өндрөөр үнэлж байгааг" дурдаад, 2022 оны хавар Истанбулд хийсэн хэлэлцээ, мөн Туркийн зуучлалын ачаар байгуулсан Украинаас үр тариа экспортлох гэрээг дурдсан байна.
Сайд цааш нь ярихдаа, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхийг хориглох тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зарлигийг эш татаад, Украинд энх тайван тогтоох гэсэн Туркийн хүчин чармайлт "амжилтад хүрнэ" гэдэгт эргэлзэж байгаагаа дурджээ. Гэхдээ Орос улс түр зуур гал зогсоох бус харин "мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах замаар" түүнийг эцэс болгоход чиглэсэн “улс төрийн зохицуулалт хийхэд бэлэн” гэдгийг мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, С.Лавров "ХАМАС", "Хезболла" бүлэглэлүүдийн удирдагчид болон Ираны цэргийн өндөр албан тушаалтнуудыг Израилын тал хөнөөснийг Орос буруушааж байгааг дахин дурджээ. "Бид эдгээр асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэх санал тавьсан хэдий ч Аюулгүйн Зөвлөлийн гишүүн барууны орнууд эсэргүүцсэний улмаас энэ нь боломжгүй болсон" гэж Оросын Гадаад хэргийн сайд хэлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч: Путин дайныг дуусгах хүсэлтэй байна
Казаньд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путинтэй хэлэлцээ хийж байхдаа тэрбээр Украинд гал зогсоох хүсэлтэй байгааг олж харсан гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгдсэнийг “The Moscow Times” цахим хэвлэл мэдээлжээ. В.Путин ч мөн дайныг дуусгахын тулд Оросын тал Украинтай “ухамсартай харилцан буулт” хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
Украинтай энхийн хэлэлцээг эхлүүлэх нөхцөлүүдийг Оросын Ерөнхийлөгч өнгөрсөн зургаадугаар сард тавьсан юм. Тэдгээрийн дотор Украины тал төвийг сахисан, эвсэлд нэгдээгүй, цөмийн зэвсгээс ангид статустай болохыг зөвшөөрөх, Луганск, Донецк, Запорожье, Херсон мужууд, түүнчлэн Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөх зэрэг нөхцөлүүд багтсан байна. Эдгээрээс гадна, В.Путин мөн Орост тавьсан барууны хоригуудыг цуцлуулахыг хүсэж байгаа юм. Тавьсан нөхцөлүүдээ тэрбээр "энх тайван тогтоох тодорхой, бодит санал" гэж мэдэгдсэн. "Хэрвээ Украин болон Барууны орнууд үүнээс татгалзваас тэд цус үргэлжлүүлэн урсгасныхаа төлөө улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээх эсэх нь тэдний өөрсдийнх нь хэрэг" гэж В.Путин хэлсэн байна.