Ү.Мөнхбалжир: Бүтээлийнхээ зохиомжид илүү анхаарч, шинэлэг байхыг эрмэлздэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал
болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон
улсын үзэсгэлэнг удахгүй нээнэ.
Энэхүү үзэсгэлэнд 2020 оноос хойш амжилттай оролцож 2022 онд багш нарын ангилалд “Оюун түлхүүр” бүтээлээрээ тэргүүн байр эзэлж байсан уран бичээч Ү.Мөнхбалжиртай
ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон зохион байгуулдаг олон улсын “Мөнх
тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнд хэдэн оноос оролцож эхэлсэн бэ?
-Тус уралдаанд 2020 оноос тасралтгүй оролцож байна. 2022 онд багш нарын ангилалд тэргүүн байр эзэлж байсан. Мөн өөрөө оролцохоос гадна шавь нар болон багш нараа бэлдэж оролцуулдаг. Мөн 2022 онд оюутнуудын болон ахлах ангийн төрөлд 2 шавиа бэлдэж оролцуулаад хоёулаа тусгай байр эзэлж байлаа.
-Бүтээлээ урлахдаа юунд илүү анхаардаг вэ?
-Ер нь ихэнх улсын уралдаанд тавигдах шаардлага нь дүрмийн дагуу алдаагүй зөв бичихийг тусгасан байдаг. Нэгдүгээрт, энэ тал дээр анхаардаг. Хоёрдугаарт, бүтээлийнхээ зохиомжийг чухалчилдаг. Бид монгол хэл бичгийн багш нар болохоор тодорхой хэмжээнд өөрийнхөө мэдрэмжийнхээ дагуу анхаарч ажилладаг. Уран бичлэг гэдэг нь үсгийн урлаг юм. Тиймээс тухайн тэгээр уран сайхан гаргаж харуулахыг хичээдэг.
-“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн олон улсын уралдааны онцлог давуу тал нь юу байдаг вэ?
-Энэ уралдаанд
оролцож байгаа уран бүтээлчид жил ирэх тусам улам л чадваржиж байгаа санагддаг.
Учир нь уралдаанд оролцож байгаа шилдэг оролцогчдоос шинэ санааг харж, туршлага судлан хоорондоо суралцаж байдаг. Энэ нь уралдааны
нэг том давуу тал юм. Ер нь уран бүтээлч нэг байрандаа байгаад байдаггүй.
Дараагийн бүтээлдээ юуг анхаарах, шинэ содон ямар зүйл байна гэдгийг цаг ямагт
харж тусгаж явдаг. Миний хувьд бүтээлийн зохиомж тал дээр их анхаарч шинэлэг
байхыг эрмэлздэг.
-Бусад уран бичээч нараас ялгарах таны онцлог юу вэ?
-Сүүлийн үед хулсан үзгээр уран бичээч нар их бичдэг болсон байна. Ялангуяа, 2022-2023 оны уралдаануудад энэ төрлөөр бичсэн бүтээлүүд их байсан. Энэ бичвэрийн онцлог нь элдэв гоёлгүй. Уран бичвэр шиг янз бүрээр хэв маяг оруулж ширвэж татахгүй. Хулсан үзгээр бичсэн бичвэр цаанаа их чамин гоё харагддаг. Үсгийнхээ тэгийг маш анхааралтай нямбай гоё гаргаж бичихгүй бол их муухай харагддаг. Тэгэхээр би хулсан үзгээр бичих чадвартаа илүү найддаг. Энэ чадвараа илүү хөгжүүлэхийг, уран бүтээлдээ шингээхийг хүсдэг.
-Уран
бичлэгийн хэчнээн төрөл байдаг вэ?
-1990 оноос Монголд бийрэн бичлэг их түгээмэл дэлгэрсэн. Бийрэн бичлэгээр
таталган бичих, гүйлгэн бичих, довтолгон бичих гэх зэргээр бичиж болдог. Бүр өмнөх
он цагт бол модон бар, тигэн бичлэг бол хэрэглэж байсан. Харин энэ
бичлэгүүд одоо цагт ном зохиолуудад хадгалагдаж үлдсэн байдаг. Энэ бичлэгийг олон нийтэд
түгээх боломж нь хомс байсан болов уу. Харин Зүүн хүрээ хийдийн бурханч лам М.Эрдэмбилэг 2000
оноос хойш олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн. Олон хүн шавь орж
хулсан үзгийн бичлэгийг сурсан.
-Та
уран бичлэгийг анх хэдэн оноос суралцаж эхэлсэн бэ, ямар багшаар анх заалгаж байв?
-Би бийрэн бичлэгийг анх 2018 онд “Хэл иргэншил” дээд сургуулийн Батхүүгийн Амгалан гэдэг багшаасаа суралцаж байсан. Энэ багшаасаа одоо ч сурч мэдсээр л явж байна. Харин хулсан үзгийн бичлэгийг М.Эрдэмбилэг багшаас сурсан.
-Удахгүй
“Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын уран бичлэгийн уралдаан болох гэж байна. Та
оролцож байгаа юу?
-Энэ жил БНХАУ-д магистр хамгаалаад саяхан ирсэн. Цаг хугацаа их давчуу байсан тул энэ жилдээ оролцож амжихааргүй болсон. Гэхдээ шавь нараа бэлдэж бүтээлийг нь олон улсын уралдаанд явуулсан байгаа. Нэг шавь бийрэн бичлэгээр, нөгөө хоёр шавь хулсан үзгийн бичлэгээр оролцож байна.
-Уран бичлэгээр хичээллэж байгаа хүүхэд залууст
уран бичээчийн хувьд хэлж анхааруулах зүйл юу байдаг вэ?
-Монгол уран бичлэгээр хичээллэх нь хүнийг тэвчээртэй, тууштай, эргэцүүлэн бодох чадварыг илүү сайжруулдаг төдийгүй монгол уламжлал соёл, түүхэн эх сурвалжаас суралцах нэгэн түлхүүр болж өгдөг. Уран бичлэгт суралцахад цаг хугацаа их зарцуулдаг учир шантралгүй тууштай суралцдаг байгаасай гэж хүсмээр байна. Уран бичлэгээр хичээллэхдээ гоё сайхан бичиж сурахын зэрэгцээ монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүх, бичгийн тиг журмыг суралцах нь чухал юм.
-Өмнөговь
аймагт мэргэжлийн хэмжээнд уран бичлэг бичиж байгаа хэр олон уран бүтээлч
байдаг вэ?
-Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн бичээч бол тун
цөөн. ЕБС-ийн хэл бичгийн багш нар л байдаг. Энэ тал дээр их анхаарч
ажилламаар байгаа юм. Уран бичлэгийн уралдаанд ер нь манай аймаг идэвх оролцоо их бага байдаг. Тэгэхээр оролцоог
нэмэгдүүлэх зорилгоор миний хувьд өөрийн хэмжээнд их хичээн ажиллаж байна.
-Өөрийн
бие даасан үзэсгэлэнг гаргаж байсан уу?
-2021 онд өөрийн төрсөн нутаг болох Даланзадгад сумандаа “Зүрхний бичээс” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бүтээлийн үзэсгэлэнгийн гол зорилго нь олон төрлөөр уран сайхан бичиж болдог гэдгийг харуулахыг хүссэн. Мөн уран бичлэгийг сонирхон бичиж байгаа хүмүүс санаа аваад илүү сайн бүтээл хийж өөрийгөө хөгжүүлээсэй гэж зорьсон. Үзэсгэлэн маань 30 гаруй бүтээлтэй, үүн дотроос Монголын эртний уран зохиолын гурван оргил хэмээгддэг “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” зэрэг гурван бүтээлийг гол тулгуур бүтээлээ болгосон.
-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлийг
тань хуваалцмаар байна?
- Мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэн өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө ямар түвшинд байгаагаа хөндлөнгөөс харж болох бас нэгэн сорил болдог. Мөн бусдаас суралцах боломжийг энэ үзэсгэлэн нээлттэй болгодог. Тиймээс залуучууд бид түүчээ болон оролцож өөрийгөө хөгжүүлж, монгол бичгийн мэдлэг чадвараа ахиулах боломж хэмээн харж өргөн цар хүрээтэй оролцдог байгаарай.
-Өөрийгөө хөгжүүлэх, чадавхжуулах чиглэлээр юу хийж байна вэ?
-Аль болох мэргэжлийн сургалтуудад суудаг. Багш нар дээрээ очиж суралцдаг. Ер нь уран бичлэг гэдэг байнгын бичиж байж зүгширч, сайжирч байдаг зүйл юм. Нэг үсгийг түмэнтэй бичиж байж сая нэг сайхан бичдэг гэдэг. Тэгэхээр уйгагүй дасгал сургуулиуд маш чухал. Хүүхдүүддээ зааж сургахдаа ч суралцаж сайжирч байдаг.
-Монгол уран бичлэгийн хөгжлийг ямар түвшинд байна гэж үздэг
вэ?
-Уран бичлэгээр бичдэг бичээч уран
бүтээлчид цаг үеэ даган илүү сайжирч мөн орчин үетэйгээ нийцэн уран бүтээлээ
хийсээр байгаа хэдий ч энэ нь цөөн тоотой байдаг. Сүүлийн үед бидний үеийн
залуучууд хүүхдүүд уран бичлэгийг илүү их сонирхдог болсон хэдий ч зарим орон
нутагт сурагч залуучуудын энэхүү суралцах хэрэгцээ хангагдахгүй, мөн
чадварыг нь ахиулах хэмжээний багш сургагч хомс байдаг.
-Таны ойрын
төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Монгол хэл, бичгийн мэргэжилтнээр ажиллаж эхэлбэл хийе гэсэн ажил маш их байна. Энэ мэргэжилтэн их чухал үүрэгтэй. Бодлогын хэмжээнд заавар зөвлөгөө өгчихдөг, тухайн ажил мэргэжилдээ эзэн болсон боловсон хүчин байх хэрэгтэй. Тэгэхээр багш болон сурагчдынхаа хэл бичгийн чадварыг өөрийн чадах хэмжээнд хөгжүүлэх, дэмжих чиглэлд олон ажил төлөвлөсөн байгаа.
Ярилцсанд баярлалаа. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.