АНУ-ын Юта мужийн их сургуультай хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
erdenebat@montsame.mn
2024-10-09 15:59:45

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан АНУ-ын Юта мужийн Сенатчийн Ерөнхийлөгч Стуарт Адамс, Юта Их сургуулийн захирал Тайлор Рандалл болон холбогдох албаны хүмүүстэй хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр уулзлаа.


Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, манай улсын эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 20 жилийн хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Юта мужийн их сургуультай бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байх болно гээд манай улсад хавдрын өвчлөл болон хавдрын шалтгаант нас баралт өндөр. Иймд үндэсний хэмжээний цогц бодлого боловсруулан ажиллаж байна. Цаашид энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэж, чадавхжуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Юта мужийн их сургуулийн захирал Тайлор Рандалл Монгол Улсад хөхний хорт хавдрын Клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа дуулгаад умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр эмч нарыг сургаж, орон нутагт Хавдрын төв байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ уламжилсан юм.


Мөн уулзалтын үеэр Юта мужийн хавдрын эмнэлэг дэлхийд дээгүүрт бичигддэг томоохон эмнэлэг болохыг тус мужийн Сенатчидын Ерөнхийлөгч Стуарт Адамс онцлоод Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг зочлохыг хүслээ.  Түүнчлэн уулзалтаар талууд хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж, өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Холбоотой мэдээ