БАЯНХОНГОР: Эко хувин суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Хязгааргүй байгаль сан, Тайванийн Ци Синь сантай хамтран 1000 мод тарьжээ.
Тарьсан модны усалгаандаа ус хамгийн бага зарцуулдаг тусгай хувинг ашигласан бөгөөд сард найман литр ус зарцуулсан байна. Эхний ээлжийн буюу энэ оны зургаадугаар сард тарьсан модны ургалт 90 хувьтай байгаа талаар Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Тайванийн Ци Синь сан нь “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан эко хувин үйлдвэрлэдэг аж. Энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой байдаг бөгөөд үүний дараа борооны ус болон усны машинаар зөөврийн усаар нөөцийг нь дахин нэмэгдүүлдэг системтэй. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Мод усалгааны эко хувин нь усыг хэмнэх, модны үндэс рүү тасралтгүй ус чийгийг дамжуулах, үндсийг хамгаалах, модны амьдрах чадварыг 7-8 дахин нэмэгдүүлэх зэрэг давуу талтай. Эко хувингийн тусламжтайгаар хуурай, хөрсний доройтолд орсон бүс нутагт мод суулган, модны суулгацын амьдрах чадварыг 10-95 хүртэл хүртэл нэмэгдүүлсэн туршлага байдаг аж.