Ромын Пап Индонез улсад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-05 17:05:51

ЖАКАРТА, 2024 оны есдүгээр сарын 5 /Reuters/. Пап Францис дэлхийн хамгийн олон лалын шашинтантай Индонез улсад айлчлах үеэрээ “хууран мэхлэлт, хүчирхийллээр хүмүүсийн итгэл үнэмшлийг гажуудуулж буй шашны хэт даврагч үзлээс сэрэмжтэй байхыг улс төрийн удирдагчдад уриалжээ.


Христийн шашинтан цөөтэй Зүүн Өмнөд Азийн орнуудад хийж буй есөн хоногийн айлчлал нь Папын хувьд  хилийн чанад дахь хамгийн урт аялал болж байна. Францис айлчлалынхаа эхний өдөр Индонезын католик шашинтнуудтай уулзаж, өөрсдийн итгэл үнэмшлээ бусдад тулгахгүй байхыг уриалжээ.


Тэрбээр Индонезын улс төрийн удирдагчдад хандаж хэлсэн үгэндээ, Католик сүм хэт даврагч үзлийг таслан зогсооход туслах итгэл найдвар тээн шашин хоорондын яриа хэлэлцээний тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Үүний дүнд ялгаварлан гадуурхалтыг арилгаж, харилцан хүндэтгэл, итгэлцлийн уур амьсгалыг бий болгож чадна гэж 87 настай Пап Жакарта дахь ерөнхийлөгчийн ордонд үг хэлэхдээ онцолжээ.


Индонезын 280 сая хүн амын 87 орчим хувь нь лалын шашинтнууд юм. Тус улсын Үндсэн хуульд шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд буюу 2021, 2022 онд амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэн тохиолдол гарсан боловч Индонезод 20 жилийн өмнө шашны хэт даврагч бүлэглэлүүд олны анхаарлыг татахын тулд халдлага үйлдэж байсантай харьцуулахад ийм хэрэг буурч байна. 2002 онд Бали арал дээр цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас 202 хүн амь үрэгдсэний дунд Австралийн 88 иргэн байв.


Индонезын Ерөнхийлөгчийн албыг 10 жилийн турш хашиж буй Жоко Видодо Газын зурваст болж буй дайны галыг зогсоохыг уриалсан Францист талархал илэрхийлжээ. Тэрбээр Папыг угтан авах үеэрээ Индонез улс энх тайвныг цогцлоохыг уриалж буй Ватиканы байр суурийг өндрөөр үнэлж байна гэлээ.

 


Холбоотой мэдээ