ЗАВХАН: Ургамал сумын бэлчээрийн газар нутагт судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын
газраас энэ жилийн бэлчээрийн газрын өөрчлөлтийг үнэлэх судалгааг хийж
дуусжээ.
Газрын
тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10 23.2.21 дэх
заалт, Газар
зохион
байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн
аргаар үнэлэх журам”-ын дагуу Ургамал суманд судалгааны ажил хийсэн.
Тус сумын өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа бүхий газруудад тухайн бэлчээрийн талбайг төлөөлж чадахуйц 18 цэгт бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх хээрийн судалгааны ажлыг хийсэн.
Судалгааны ажлын дүгнэлт эцэслэн гараагүй
байна. Энэ мэтчилэн бэлчээрийн газрын хээрийн судалгааны ажлыг манайхаас жил
бүр хэсэгчлэн хийдэг. Бэлчээрийн төлөв байдлын энэ тодорхойлолтод үндэслэн тухайн сум,
орон нутгийн онцлог, амьдралын хэвшил, байгаль цаг уурын онцлогт тохирсон үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл бэлчээр чөлөөлөх, усжуулах, өнжөөх, сэлгэх, хортон мэрэгчтэй тэмцэх зэрэг ажлыг тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь заавал тусган батлуулж, хэрэгжилтийг нь хангуулан ажилладаг юм.
Ингэснээр
малчид, тухайн сум, багийн шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд хамтран
бэлчээр хамгаалах ажлыг илүү үр дүнтэй болгох юм гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.
Завхан аймгийн хэмжээнд 23 сумын 181 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй, үүний 155 нь бэлчээрийн гэрээ байгуулж, 109 нь Монгол Улсын газрын нэгдмэл сан буюу LM системд бүртгэгдсэн байна.
Завхан аймгийн 23 сумын 6919913 га бэлчээрийн газарт фото мониторинг хийсэн байна.
Аймгийн хэмжээнд 440 цэгт бэлчээрийн мониторингийн судалгаа хийж, түүнийгээ үндэслээд бэлчээрийн даацын үнэлгээг гаргадаг ажээ.