Туул, Орхон, Хурх, Балж, Онон голын усны түвшин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт урсгалынхаа дагууд болон Хангай нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг-Лүн/, зүүн хажуугийн Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгджээ.
Хараа /Дархан/, Ерөө, Туул / Босгийн гүүр-Алтанбулаг/, Эг, Улз, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/, Хануй, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг гол үерийн түвшинг 5-35 см, Туул /Улаанбаатар-Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/, Улз /Дашбалбар/, Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.
Маргааш буюу наймдугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-15 см, Орхон голын дунд хэсгээр 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 10-15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх сав голдирол дүүрэн элбэг устай байгаа голын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.